Брейк бүжгийн спорт Азийн наадам төдийгүй Олимпын наадамд багтсан хамгийн отгон спортын нэг билээ. Олон улсын Олимпын хороо 2021 онд тус төрлийг Олимпын төрөл болгосноор 2024 оны Парисын наадамд анх удаа дэлхийн Брейк бүжигчид олимпын медалийн төлөө өрсөлдөнө. Азийн наадамд ч мөн адил анх удаа зохиогдож буй уг төрөлд манай улсаас Чулуунбаатарын Дөлгөөн, Ганбалтын Ган-Өлзий болон эмэгтэйчүүдийн төрөлд М.Ханджав нар оролцож байна. Улс болгоны шилдэг тамирчид хоорондоо бүжгээр тулалдах ба үзүүлбэрийн гүйцэтгэл, чанар, шинэлэг байдлаас шалтгаалан өрсөлдөгчөө буулган авч үргэлжлүүлнэ.
Эрэгтэй 25, эмэгтэй 20 тамирчин оролцож буй тус төрөл 4 хэсэгт хуваагдан орон орны шилдэг тамирчид бүжигчид өрсөлдөх ба маргааш 18:00 цагаас хасагдах шатны тэмцээнүүд явагдана.
Гэрэл зургийг Ч.Ганболд /Монголын спортын сэтгүүлчдийн холбоо/