NBA-ийн 2023-2024 оны улирал эхлээд аль хэдийн хоёр сарын хугацаа өнгөрчээ. Багууд дунджаар нийт 26-29 тоглолт хийсэн бөгөөд зарим багууд учраа олж, зарим багууд гэмтэл бэртэл, торгуулиас шалтгаалан амжилтууд нь өөр хоорондоо ялгаатай байх энэ үед Бостон Селтикс, Миннесота Тимберволвес, Милоуки Бакс багууд лигийн 30 багийг тэргүүлж байна. Шинэ он гарахад тун ойртож байгаа энэ үед багууд ямар амжилттайгаар хэдэд жагсаж буйг ESPN-ээс гаргасан судалгаан дээр үндэслэн хүргэж байна.
Шилдэг багийн чансааг Бостон, Миннесота, Милуоки багууд тэргүүлж байна
12 сарын 22
30. Детройт Пистонс
Улирын амжилт: 2-26
Нийт 26 тоглолтод тасралтгүй хожигдсоноор хамгийн олон дараалж хожигдсон сөрөг амжилтыг /27 байдаг/ эвдэхэд ойрхон байна. Энэ жил хамгийн өндөр цалинтай дасгалжуулагчийн гэрээ хийсэн Монти Уилламсаар удирдуулсан тэд учраа ололгүй 28 тоглолтын ард гарлаа.
29. Вашингтон Визардс
Улирлын амжилт: 5-22
Энэ улиралд Жордан Пүүлийг эгнээндээ нэгтгэж, түүний дундаж оноо авалт 30 дөхнө хэмээн таамаглаж байсан ч санаснаар болсонгүй. Аялан тоглолтод 16 тоглолтод оролцсон тэд ердөө хоёр хожил салгаж, гэртээ хүлээн авсан тоглолтдоо мөн адил хоёр хожил байгуулсан амжилттай явна.
28. Сан Антонио Спөрс
Улирлын амжилт: 4-23
Энэ улирлын драфтын тэргүүн сонголт Виктор Вэмбаньяма гарааны бүрэлдэхүүнд төвийн байрлал руу шилжсэн нь Спөрсийн довтолгооны орон зайг нээж, илүү чөлөөтэй довтлуулах болсон. Тэдний 19 дараалж хожигдсон хар цуврал Лос Анжелес Лэйкерс багийг гэртээ хүлээж авсан тоглолтдоо ялснаар өндөрлөсөн. Гэсэн ч төгсгөл хийж чадалгүй явж буй тэд энэ маягаараа үргэлжилбэл “Оны шилдэг залуу тоглогч”-ын шагналыг Чет Холмгренд алдах магадлалтай.
27. Портланд Трэйл Блэйзерс
Улирлын амжилт: 7-20
Анферни Симонс эргэн ирсэн ч 11-р сард хүчний чансаанд 10-р байранд бичигдэж байсан тэд одоо 27 хүртлээ хойшилсон байна. Өрнөд бүсийн 14-р байранд бичигдэж буй тэд хамгаалалтын үзүүлэлтээр 15-р байран бичигдэж буй ч довтолгоогоор 28-р байранд бичигдэж, нэг тоглолтод 107.4 оноо дунджилж байна.
26. Мемфис Гриззлес
Улирлын амжилт: 8-19
Багийн супер од Жа Морантын шийтгэлийн хугацаа дуусаж, эргэн ирсэн тоглолтдоо 34 оноо, нэмээд хожлын оноо хүртэл авч өөрийгөө лигийн шилдэг тоглогчдын нэг хэвээр байгааг тунхаглав. Гэсэн ч тэдний амжилт 7-19 өөр өрнөд бүсийн 13-р байрт бичигдэж байна. Солилцоогоор авсан Маркус Смарт бэртлээсээ энэ долоо хоногт эргэн ирэх магадлалтай.
25. Шарлотт Хорнетс
Улирлын амжилт: 7-19
Ламело Болл, Марк Уильямс, Гордон Хэйвард зэрэг чухал тоглогчдоо гэмтэл бэртэл болон өвчний улмаас алдаад буй Хорнетс баг энэ жил мөн л хэцүүхэн улирлыг үргэлжлүүлж байна. Тэдний ганц гэрэл гэгээ нь драфтын хоёрдугаар сонголт Брэндон Миллер байгаа ба 11 тоглолт дараалан дабл дабл дунджилж байна.
24. Юта Жазз
Улирлын амжилт: 11-18
Юта-ын солилцоонд оруулах ярианд багтаж буй Коллин Секстон таван тоглолтод 20-оос дээш оноо авч, 53%-ын довтолгооны гүйцэтгэлтэй байж ээ. Тэд багаараа эсрэг багтаа 118 оноо алдаж буй бол зөрөөд 111 оноо авч довтолгоо, хамгаалалтын үзүүлэлтээр 25-р байрт бичигдэж байна.
23. Чикаго Буллс
Улирлын амжилт: 13-17
Зак Лавиныг солилцоонд оролцуулахаар шийдсэн тэд Лос Анжелес Лэйкерсээс Аустин Рийвсийг сонирхож буй. Лавины эзгүйд тэд сүүлийн 10 тоглолтынхоо зургаад нь ялалт байгууллаа. Өчигдөр тэд талбайдаа Лос Анжелес Лэйкерсийг хожсон бол өнөөдөр Сан Антонио Сдөрсийг хожиж, бүсийнхээ 11-р байрт бичигдэж байна.
22. Торонто Рэпторс
Улирлын амжилт: 11-16
Дорнод бүсэд Плэй-Иний байрлалд өрсөлдөж буй 6 баг байгаагийн нэг нь Торонто Рэпторс. Тэд өнөөдөр Дэнвер Наггетс багт хожигдсоноор бүсийнхээ 12-р байр хүртэл унасан байна. Тэд лигт хамгаалалтаараа 16-р байранд, Довтолгоогоороо 21-р байранд бичигдэж байна.
21. Атланта Хокс
Улирлын амжилт: 12-15
Таван дараалж хожигдоод байсан Атлантагийн залуус дорнод бүсийн өрсөлдөгч Торонтог хожсоноор улирлын сүүлд тэдэнд хэрэг болж мэдэх юм. Тэдний довтолгоог онцлохын аргагүй байгаа. Учир нь тэд нэг тоглолтод дунджаар 119.7 оноо авч байгаа нь лигт 4-т орох үзүүлэлт юм. Харин эсрэгээрээ 119.7 оноо мөн адил алдаж байгаа нь чанартай тоглолт гаргаж чадахгүй байгааг харуулж байна.
20. Брүүклин Нетс
Улирлын амжилт 13-14
Өчигдөр 50/50 амжилттай байсан тэд өнөөдөр Нью Йорк Никс багт хожигдсоноор бүсийнхээ 9-р байрлуу доошлов. Бен Симмонсыг талбайд гарахыг хүлээсээр байгаа ч түүнд дахин хоёр долоо хоногийн хугацаа шаардлагатай гэв. Тэд довтолгоогоороо 11-р байрт, хамгаалалтаар 21-р байрт бичигдэж байна.
19. Голден Стэйт Уарриорс
Улирлын амжилт: 13-14
Дайчдын 10 гаруй жилийн “эзэрхийлэл” дууссан гэдгийг энэ жил бид тод томруунаар харж байна. Дрэймонд Грийн удаа дараа шийтгэгдэж, Эндрью Уиггинс сэлгээний сандалд шилжиж, Кевон Лүүни нөлөөгөө үзүүлж чадахгүй байгаа энэ үед тэднээс амжилт хүлээх нь яг одоо хэцүү харагдаж байна. Стефен Көрригийн нуруун дээр тогтож буй тэд бүсийнхээ 11-р байранд жагсаж, хамгаалалтаараа 18-р байранд, довтолгоогоор 16-р байранд бичигдэж байна.
18. Кливлэнд Кавалиерс
Улирлын амжилт: 16-13
Өнгөрсөн долоо хоногт Кавс-ын гарааны бүрэлдэхүүн гарзтай зүйл тохиолдсон. Дариус Гарланд эрүүгээ хугалж, Эван Мобли зүүнд өвдгөндөө мэс засал хийлгэж, 6-8 долоо хоног талбайд гарахааргүй болсон. Гэсэн ч Атланта, Хьюстоныг хожиж, өнөөдөр Юта Жаззыг талбайдаа хожсоноор бүсийнхээ 6-р байрлуу дэвшин орлоо.
17. Индиана Пэйсерс
Улирлын амжилт: 14-13
Улирлын дундах цомын тэмцээнд дэд байр хүртсэн Индианагийн залуус дөрөв дараалан хожигдсон цувралаа өчигдөр Чарлотте Хорнетсийг хожсоноор өндөрлүүлэв. Тэд энэ улиралд нэг тоглолтод 122.8 оноо аван довтолгооны үзүүлэлтээр тэргүүлж байгаа бол зөрүүлээд 121.2 оноо эсрэг багтаа алдаж 28-р байранд бичигдэж байна.
16. Хьюстен Рокетс
Улирлын амжилт: 13:12
Рокетс өнгөрсөн жил хамгийн муу хамгаалалттай баг буюу 29-р байранд бичигдэж байсан бол энэ жил эсрэг багтаа 109.4 оноо алдаж гуравдугаарт бичигдэж байна. Хэдийгээр тэд нэг тоглолтод 113.1 оноо авч, лигт 19-р байранд бичигдэж байгаа ч шинэхэн дасгалжуулагч Име Удокагийн арга барилд залуучууд аль хэдийн дасаж эхэлж байна.
15. Финикс Санс
Улирлын амжилт: 14-13
Их гурвал хамтдаа оролцсон тоглолтод Брэдли Бийл шагайгаа гэмтээж дахин хоёр долоо хоног тоглолтод оролцохооргүй болсон. Финикс өрнөд бүсийн 10-р байранд бичигдэж, хамгаалалтаараа 17-р байранд, довтолгоогоороо 115.8 оноотойгоор 13-р байранд жагсаж байна.
14. Майами Хит
Улирлын амжилт: 16-12
Өнөөдөр Жимми Батлерын эзгүйд Орландо Мэжикийн талбайд хожил байгуулсан Хитийн Бам Адебаяо, Тайлор Херро нар эргэн ирсэн нь таатай мэдээ болсон. Тэд дивизондоо нэг ч хожигдоогүй буюу 6-0 гэсэн амжилттай яваа. Нэг тоглолтод эсрэг багтаа 113.9 оноо алдаж байгаа бол зөрөөд 115.3 оноо авч бүсийнхээ 7-р байрт бичигдэж байна.
13. Лос Анжелес Лэйкерс
Улирлын амжилт: 15-14
Анхны Улирал дундын аварга Лос Анжелес Лэйкерс аваргын цомоо өргөснөөс хойш дөрөв дараалан хожигдов. Де Анжело Расселыг солилцоонд оруулна хэмээх шум гарснаас хойш түүний тоглолт огцом унасныг мэргэжилтнүүд онцлов. Солилцооны цонх хаагдахаас өмнөх тэдний гол бай нь Зак Лавин болоод буй.
12. Нью Йорк Никс
Улирлын амжилт: 16-11
Митчелл Робинсон зүүн шагайгаа гэмтээж бүтэн улирал өнжихөөр болсон. Түүний орлож буй Исаиа Хартенштейн Лос Анжелес Лэйкерстэй хийсэн тоглолтод 17 удаа самбараас бөмбөг аван өөрийгөө түүнийг орлож чадах залуу гэдгээ батлан харуулав. Жэйлен Брансоны алсын зайн шидэлтүүд, Рандлийн будагтай талбайн довтолгоонууд тэдэнд чухал хэдэн хожлууд авчирсан. Өрнөд бүсийн 5-р байрт бичигдэж буй тэд хамгаалалтаараа 13-р байранд, довтолгоогоороо 9-р байранд жагсаж байна.
11. Нью Орлеанс Пеликанс
Улирлын амжилт: 17-12
СиЖэй МакКолум уушгины гэмтлээс шалтгаалан улирлаа өнжих ч эрсдэлтэй байсан ч азаар эмчлэгдэж эргэн Пеликанст нэгдсэн. Зион Уильямсон, Брэндон Инграм, Си Жэй МакКоллум нараас гадна Йонас Валансиунас онцгой байгаа. Тэрбээр сүүлийн таван тоглолтод 19.2 оноо, 14.6 самбар дунджил алсын зайнаас 63.2 хувтай шидэж байна. Бүсийнхээ 7-р байрт бичигдэж буй тэд өнгөрсөн жилийн плэй-оффын амжилтаа ахиулахыг хүсэж буй.
10. Орландо Мэжик
Улирлын амжилт: 16-10
Улирлын дундуур бүсээ тэргүүлж явсан Орландо сүүлийн гурван тоглолт дараалан ялагдаад байна. Мэдээж багийн хамгаалалтын чухал тоглогчид Жэйлен Сагс, Банкеро нар зарим тоглолт өнжсөнтэй холбоотой. Тэд энэ улиралд эсрэг багтаа 110 оноо алдаж 4-р байрт бичигдэж байгаа нь хамгаалалт нь ямар бодитой байгааг илтгэж байна.
9. Даллас Маверикс
Улирлын амжилт: 16-11
Кайри Ирвинг гэмтэл аван хэдэн хоног тоглолт өнжихөөр болсон. Гэсэн ч Лука Дончичийн гайхалтай тоглолтууд үргэлжилж 11 тоглолт дараалан 30-аас дээш оноо авснаар өөрийн хувийн амжилтаа эвдээд байна. Тэрбээр 39,5 минут тоглохдоо 35,8 оноо, 8,9 самбар, 10,4 оновчтой дамжуулалт дунджилсан 5-3 амжилттай яваа. Тэд бүсийнхээ 6-р байрт бичигдэж буй ч эсрэг багтаа 117.3 оноо алдаж, 23-р байранд бичигдэж байна.
8. Сакременто Кингс
Улирлын амжилт: 16-10
ДеАарон Фокс, Домантис Сабонис нараас гадна энэ улиралд Кийган Мюррэй онцлууштай тоглож байна. Тэрбээр Жаззын эсрэг 12 удаа алсын зайнаас шидэж хувийн дээд амжилтай шинэчлэн тогтоосон. Кингс довтолгооны үзүүлэлтээр 11-р байрт бичигдэж нэг тоглолтод 116.2 оноо дунджилж байна.
7. Лос Анжелес Клипперс
Улирлын амжилт: 17-11
Жэймс Хардений солилцооны дараа хэд дараалан хожигдсон ч Уэстбрүүкийг сэлгээнээс тоглуулахаар болж, Даниел Тайсыг багтаа нэмснээр тэд 9 дараалсан хожил байгуулж, өнөөдөр Оклахама Сити Тандер багт хожигдсоноор тэдний дараалсан цуврал өндөрлөлөө. Сүүлийн 17 тоглолтынхоо 13-т нь хожил байгуулж лигийн аюултай багуудын нэгт зүй ёсоор тооцогдож эхэллээ. Тэд бүсийнхээ 4-р байр хүртлээ дэвшиж, хамгаалалтын үзүүлэлтээрээ 7-р байранд орж ирсэн байна.
6. Оклахама Сити Тандер
Улирлын амжилт: 17-8
Шай Гилжиус Александр 30 оноо, 5.7 самбар, 6.4 оновчтой дамжуулалт гүйцэтгэж, оны шилдэг тоглогчийн шагналд өрсөлдөж, гайхалтай тоглолтоо үргэлжлүүлсээр байна. Түүний хамтаар оны шилдэг шинэ тоглогчид нэр дэвшигч Чет Холмгрен нэг тоглолтод 2.8 хаалт хийснээр 3-р байрт бичигдэж байна. Тэд өрнөд бүсэд дэд байранд бичигдэж байна. Тэдний хамгаалалт 110.1 буюу эхний гуравдугаар байрт, довтолгоо 117.3 буюу 10-р байрт бичигдэж байна.
5. Денвер Наггетс
Улирлын амжилт: 19-20
Өмнөх жилийн аваргууд өнгөрсөн зургаан тоглолтын тавт нь ялалт байгуулав. Жамал Мюррэй бэртлээсээ эргэн ирж, Майкл Мэлоун гарааны тоглогчдоо амраахын тулд үүргийн тоглогчид хайж буйгаа зарласан. Тэд бүсийнхээ 4-р байрт бичигдэж буй ба дараагийн учраанууд 50-иас доош амжилттай дөрвөн баг байгаа нь байраа ахиулах боломжтойг харуулж байна. Тэд энэ улиралд 117.9 оноо дунджилж 8-р байранд, эсрэг багтаа 112.6 оноо алдан 9-р байранд бичигдэж байна.
4. Филидельфиа 76
Улирлын амжилт: 19-8
Өнгөрсөн жилийн улирлын үнэ шилдэг Жоел Эмбийд энэ жил ч мөн адил тус өрсөлдөөнд дээгүүр байр эзэлж байна. 12-р сард 40 оноо, 13 самбар, 4.6 оновчтой дамжуулалт, 2 бөмбөг таслалт дунджилж, 60/39/92 хувийн довтолгооны гүйцэтгэлтэй довтолж байна. Өнөөдөр бүсээ тэргүүлж буй Миннесота Тимберволвестой хийсэн тоглолтод 51 оноо, 12 самбар авч замналынхаа 6 дахь 50-аас дээш оноог бүртгүүлсэн. Бүсийнхээ 3-р байрт бичигдэж буй тэдний хамгаалалт энэ жил онцгой байгаа ба эсрэг багтаа 110 оноо алдаж, өөрсдөө 121.5 оноо авч байгаа юм.
3. Милуоки Бакс
Улирлын амжилт: 20-7
Дамиан Лиллардыг нэгтгэсний дараа тэднийг ямар амжилт үзүүлэх бол хэмээн олон хүмүүс хараандаа авсан. Улирлын эхлэлийг таагүй эхлүүлсэн ч тэд 12-р сард тогтвортой байж тав дараалсан хожил байгуулаад байна. Дамиан Лиллард гурван тоглолт дараалан 30-аас дээш оноо авсан ба тав дараалан хожихдоо хамгийн багадаа 125 оноо авсан байна. Дорнод бүсийн хоёрдугаар байранд бичигдэж буй тэд довтолгоогоороо 3-р байрт, харин хамгаалалтаараа 19-р байран жагсаж байна.
2. Миннесота Тимберволвес
Улирлын амжилт: 21-6
Энэ улирлын томоохон шуугианыг Тимберволвесийн залуучууд тариад байна. Тэд түүхэндээ анх удаа 26 тоглолтыг дараа 20 хожил байгуулсан амжилттай эхлүүлж байна. Тэд өрнөд бүсийг бусад багуудаас 3 хожлын зайтай тэргүүлж буй. Тэдний хамгаалалтын магтахын аргагүй. Учир нь тэд нэг тоглолтод 107.5 оноо алдаж, Рүди Гоберт, Карл Энтони Таунс нар 3.5 хаалт дунджилж байна.
Тэргүүн байранд: Бостон Селтикс
Улирлын амжилт: 21-6
2023-2024 оны эхний хоёр сарын дараах байдлаар Бостон Селтикс баг бусад 29 багаа тэргүүлж байна. Өчигдөр Голден Стэйт Уарриорс багт нэмэлт цагт хожигдсон ч өнөөдөр Сакременто Кингс багийг талбай дээр нь бут ниргэсэн. Кристапс Порзингисийг багтаа нэгтгэсэн нь ямар чухал үүрэгтэйг өнөөдрийн тоглолтод батлан харууллаа. Лас Вегасийн бооцооны сайтуудад энэ жил аварга авах хамгийн өндөр магадлалтай багаар нэрлэгдээд буй тэд дорнод бүсийн нэгдүгээр байрт бичигдэж байна. Тэдний хамгаалалт урьдын адил нягт байж эсрэг багтаа 110.2 оноо алдаж буй бол эсрэг багаасаа 9 оноо илүү аван аль аль үзүүлэлтээрээ 5-р байранд бичигдэж байна.