MSports logo
Итгэмээргүй гэж хэлж болохоор спортын гайхалтай түүхүүд
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 26

  • Итгэмээргүй гэж хэлж болохоор спортын гайхалтай түүхүүд

    Хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэн спорттой ямар нэг байдлаар холбогдож, өдгөө бидний өдөр тутмын амьдралд хэвшил болсон билээ. Дэлхий дээрх олон сая хүний дундаас өөрсдийн тэсвэр хатуужил, шийдэмгий зан чанар болон өөрийгөө ялан дийлсэн хэд хэдэн спортын итгэмээргүй гэмээр түүхүүдээс хүргэж байна.

    Хэдийгээр гаргүй ч шилдэг ширээний теннисчин болж чадсан Ибрахим Хамадтоу

    Итгэмээргүй гэж хэлж болохоор спортын гайхалтай түүхүүд

    Ибрахим Хамадтоу нь Египетийн паралимпын ширээний теннисийн шигшээ багийн тамирчин юм. Гэхдээ тэр бусад ширээний теннисчинтэй адилгүй. Тэрбээр 10 настайдаа галт тэрэгний осолд орж, ухаанаа алдсан ба түүнийг сэрэхэд хоёр гараа тайруулсан байхыг олж мэдээд асар их гунигласан гэдэг.

    Энэ явдал 10 настай бяцхан жаалын хувьд ихээхэн хүнд тусч, үлдсэн амьдралд нь том гарз тохиожээ. Гэвч нэгэн өдөр тэрбээр тосгоныхоо залуучуудын төвд орж ирээд ширээний теннис тоглож буй хүмүүсийг харсан байна. Тэднийг харсан Хамадтоугийн дотор ямар нэгэн зүйл оргилж, сэтгэл нь гэгэлзсэн ч түүнд ганц л асуудал байсан нь хоёр гараа алдсан явдал байлаа. Гэхдээ тоглох хүсэлдээ автсан тэрбээр теннисний цохиурыг сугандаа хавчуулан тоглохыг хичээсэн ч нэг л болж өгсөнгүй. Улмаар яагаад амаараа тоглож болохгүй хэмээн бодож, оролдоод үзтэл энэ нь түүнд боломжтой мэт санагджээ. Энэ өдрөөс бүх зүйл эхэлж 30 гаруй жил тасралтгүй ширээний теннис тоглон Үндэсний шигшээ багтаа багтахаас гадна Рио-2016 Паралимпын наадамд оролцсон түүхтэй. Түүний бусад төрүүлсэн энэхүү урам зоригт үйлдэл дэлхийн олон сая хүүхдэд нөлөөлсөн гэдэг.

    100 настай хамгийн хурдан гүйгч


    Итгэмээргүй гэж хэлж болохоор спортын гайхалтай түүхүүд

    100 настай эмэгтэй хүн 100 метрийн гүйлтийг 1 минутад туулж чадсан гэвэл итгэх үү. Үүнийг Энэтхэг улсын гүйгч Ман Каур гэх эмээ хоёр ч удаа хийж чаджээ.

    Тэрбээр зуун нас зооглосныхоо дараа хамгийн өндөр настай, хамгийн хурдан эмэгтэй тамирчин гэдэг цолыг хүртсэн бөгөөд олон улсын тэмцээнээс 31 алтан медаль хүртсэн удаатай. Түүний хамгийн сүүлийн ялалт нь 2019 онд Польшид болсон Хөнгөн атлетикийн ахмад настнуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бөгөөд бөөрөнцөг түлхэлт, жад шидэлт, 60 метрийн гүйлт, 200 метрийн гүйлт гэсэн дөрвөн төрөлд бүгдэд нь алтан медаль хүртсэн юм. Ман Каур 2009 онд 93 настай байхдаа хүүгийнхээ өгсөн урмын үгэнд урамшиж, хөнгөн атлетикаар хичээллэхээр шийдсэн байна. Нас өндөр гарсан тэрбээр хооллолтдоо маш их анхаардаг байсан ба 2021 онд 105 насандаа бурхан болжээ.



    Нэг гартай ч дэлхийн хэмжээний серфчин Бетани Хамилтон

    Итгэмээргүй гэж хэлж болохоор спортын гайхалтай түүхүүд

    Бетани Хамилтон хэмээх өсвөр насандаа серфингийн од болж байсан охин 13 насандаа эмгэнэлт явдалд өртөв. Түүнийг бэлтгэлээ хийж байх үед 4.2 метрийн урттай акул дайрч зүүн гарыг нь хазжээ. Олон хүмүүс уг явдлын дараа сэтгэл санааны хямралд орж, уг спортоо орхиж магадгүй ч Бетани тэднээс өөр нэгэн байсан. Гараа эдгээж, сар хүрэхгүй хугацааны дараа тэрбээр дахин серфингийн тавцан дээр гарч ирэв.

    Энэ бол түүний мэргэжлийн серфчин болно гэсэн мөрөөдлөө биелүүлэх гайхалтай аялалынх нь зөвхөн эхлэл байсан юм. Тэрбээр 17 настайдаа мэргэжлийн серфчин болсноор хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ үл анзаарч бүх саад бэрхшээлийг даван туулж зорилгодоо хүрч чаджээ. 2014 онд тэрбээр дэлхийн зургаан удаагийн аварга цолтонг ялж, хэд хэдэн дэлхийн цомын тэмцээнд түрүүлсэн байна. 2017 онд Бетани дэлхийн серфчингдийн алдрын танхимд багтсан бөгөөд одоо дэлхийн шилдэг 50 эмэгтэй серфингчдийн тоонд багтдаг байна.