Сена мөрний бохирдлын улмаас ирэх жил Парист болох Олимпийн наадмын туршилтын тэмцээн болох усан сэлэлтийн дэлхийн цомын тэмцээн цуцлагдаад байна. Үүний дараа Дэлхийн усан спортын байгууллага тамирчдын эрүүл мэнд хамгийн тэргүүний зорилт гэдгийг сануулж, илүү их анхаарал хандуулж, тэмцээний орчинг сайжруулахыг шаарджээ.Дэлхийн усан спортын холбооны удирдах зөвлөл ням гарагийн өглөө эрт Сена мөрний усны хамгийн сүүлийн үеийн дээжийг шинжилсний дараа ийм шийдвэр гаргасан байна. Тодруулбал, Саяхан Парист хур тунадас дунджаас илүү хэмжээгээр орсны дараа бохир усны шугам хальж, Сена мөрний усны чанар усанд сэлэгчдийн эрүүл мэндийг хамгаалах стандартаас доогуур түвшинд хүрэхэд нөлөөлжээ. Усан спортын дэлхийн удирдах байгууллага болон нийтийн эрүүл мэндийн байгууллагууд зөвлөлдсөний үндсэн дээр олимпийн туршилтын тэмцээнийг цуцлахаар шийджээ. Дэлхийн усан спортын холбооны ерөнхийлөгч Хусаин Аль-Мусаллам "Дэлхийн усан спортынхон Сена мөрний усны чанараас болж дэлхийн усан спортын нээлттэй усан сэлэлтийн дэлхийн цомын тэмцээнийг цуцалсанд сэтгэл дундуур байна. Гэхдээ манай тамирчдын эрүүл мэнд үргэлж бидний нэн тэргүүний зорилт байх ёстой" гэж хэлжээ. Холбооны зүгээс дараа жилийн Олимпийн наадмын өмнө Сена мөрний усны чанарыг эрс сайжруулахын тулд дэд бүтцийн төслүүд хэрэгжиж дуусна гэдэгт найдаж байна. Дэлхийн усан спортынхон ирэх зун дэлхийн шилдэг задгай усанд сэлэгчдийн Олимпийн уралдааныг хотын төвд зохион байгуулах гэж байгаадаа баяртай байна гэжээ.