MSports logo
Б.Хулан дэлхийн тулааны спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ.
  • Б
    Бэлгүүн

    10 сарын 25

  • Б.Хулан дэлхийн тулааны спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ.

    10-р сарын 20-30-ны өдрүүдэд Саудын Арабын Рияад хотноо “World Combat Games Riyadh 2023” тэмцээн зохион байгуулагдаж байна. Тэмцээнд тулааны спортын дэлхийн шилдгүүд урилгаар оролцож байгаа бөгөөд манай улсаас жюү жицүгийн төрөлд -52 кг жинд Г. Монголжин, -70 кг жинд Б. Хулан, -85 кг жинд Б. Ариунцог нар оролцож байгаа юм. Мягмар гаригт жюү жицүгийн бор бүст тамирчин Батбаатарын Хулан тэмцээний -70 кг-ийн жинд мөнгөн медаль хүртлээ.

    Тэрбээр 2019 онд Монголд зохиогдсон жюү жицүгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, 2022 онд Бахрейн улсад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилтаа ахиулж мөнгөн медаль хүртсэн юм. Мөн түүнчлэн Б.Хулан нь өнгөрсөн оны 6-р сард Тайландад болсон А зэрэглэлийн нээлттэй гранпри тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, 2022 оны 10-р сард АНЭУ-д болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шагналт 5-р байрт шалгарсан юм. Өнгөрсөн онд гаргасан онцлох амжилтуудаараа тэрбээр Монголын жюү жицүгийн холбооны шилдгийн шилдэг тамирчнаар тодорсон. Энэ он гарснаар Б.Хулан 7-р сард Монгол улсад зохиогдсон бүсгүй ангилалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртээд байсан бол Саудын Арабт мөн медалийн тавцанд зогслоо. Б.Хулангийн хувьд дэлхийд чансаагаараа жюү жицүгийн төрөлд жиндээ 4-т, файтинг буюу тулааны төрөлд жиндээ 8-р байранд эрэмблэгдэж байна.

    Саудын Араб улсад үргэлжилж буй дэлхийн тулааны спортын наадам спортын 16 төрлөөр 80 гаруй орны 1700 гаруй тамирчид оролцож байна. Манай улсын хувьд одоогоор жюү жицүгийн нэг мөнгө, сүмо бөхийн төрөлд мөнгөн медаль, самбо бөхийн төрөлд хүрэл медалтайгаар 80 орноос 38-р байранд эрэмблэгдэж байна.