Дөрөв дэх удаагийн Азийн пара наадам БНХАУ-ын Ханжоу хотноо үргэлжилж манай тамирчдын медалийн буухиа үргэлжилсээр байна.
Өнөөдөр пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн хэвтээ шахалтын 107 кг-ын жинд гавьяат дасгалжуулагч Д.Баттулга, дасгалжуулагч Б.Энхбаярын удирдлага дор “Токио-2020” паралимпын аварга, “Рио-2016” паралимпын хүрэл медальт, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, дэлхийн цомын алт, мөнгөн медальт, Ази тивийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ өрсөлдөж мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр цээжнээс 245 кг-ыг шахсанаар мөнгөн медалийн болзол хангасан бөгөөд Ираны тамирчид алт, хүрэл медалийн тавцанд гарлаа. Э.Содномпилжээ Азийн зуны спортын пара наадмаас иж бүрдэл буюу “Инчёон-2014”-өөс хүрэл, “Жакарт-2018”-аас алт, “Ханжоу-2022”-оос мөнгө медаль хүртсэн түүхэн амжилт тогтоолоо
Э.Содномпилжээ “Ханжоу-2022” Азийн пара наадмын Монголын багийн долоо дахь медаль, хоёр дахь мөнгөн медалийг эх орондоо авчирлаа. Энэ тэмцээнд Монгол, Япон, Энэтхэг, Малайз, Арабын нэгдсэн Эмират, Иран улсын нийт долоон тамирчин өрсөлдсөн юм.