MSports logo
Ази тивийн ирээдүйн одод Тайландад өрсөлдөж байна
  • М
    Мөнхбаясгалан

    7 сарын 3

  • Ази тивийн ирээдүйн одод Тайландад өрсөлдөж байна

    Ази тивийн ирээдүйн одод Тайландад өрсөлдөж байна: Монголын U18 эмэгтэй шигшээ багийн тоглолтууд

    Азийн залуу волейболчдын хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох 2026 оны 18 хүртэлх насны эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Накхон Ратчасима хотод долоодугаар сарын 1-7-ны өдрүүдэд үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээнд тивийн шилдэг 16 улсын шигшээ баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд зөвхөн 18 хүртэлх насны Азийн аваргаас гадна ирэх 2027 оны U19 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөө хүч сорьж байна. 

    Ази тивийн ирээдүйн одод Тайландад өрсөлдөж байна

    1997 оноос эхлэлтэй энэхүү тэмцээн нь Азийн волейболын холбооны хамгийн өндөр зэрэглэлийн өсвөрийн тэмцээн бөгөөд өнөөгийн дэлхийн хэмжээний олон од тоглогч анх энэ тайзан дээр өөрийгөө таниулж байжээ. Япон, БНХАУ зэрэг волейболын хүчирхэг орнууд энэхүү насны ангилалд олон удаа түрүүлж, ирээдүйн үндэсний шигшээ багуудаа бүрдүүлдэг уламжлалтай.

    Энэ жилийн тэмцээнд зохион байгуулагч Тайланд мөн Япон, БНХАУ, БНСУ, Казахстан, Австрали зэрэг хүчирхэг багуудаас гадна Монголын шигшээ баг залуу бүрэлдэхүүнээрээ өрсөлдөж байгаа нь онцлог юм. Монголын баг А хэсэгт эзэн орон Тайланд, Австрали, Узбекистаны шигшээтэй нэг хэсэгт багтсан бөгөөд эхний шатнаасаа ширүүн өрсөлдөөнтэй тулгарсан. 

    Ази тивийн ирээдүйн одод Тайландад өрсөлдөж байна

    Монголын шигшээ эхний гурван тоглолтоо хийлээ

    Монголын шигшээ баг тэмцээний эхний өдөр хэсгийн хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг болох Тайландын эсрэг талбайд гарсан. Олон улсын тэмцээний туршлага, довтолгооны хурд, хамгаалалтын нягт ажиллагаагаараа Тайланд улсын баг тамирчид илүүрхсэн. Талбайн эзэд гурван үе дараалан давамгайлж, 25:15, 25:13, 25:19-өөр хожсон юм. Хэдийгээр тоглолт 0:3-ын харьцаатай өндөрлөсөн ч Монголын тамирчид гуравдугаар үед онооны зөрүүг багасгаж, хэд хэдэн урт довтолгоогоор өрсөлдөх чадвараа харуулсан. 

    Ази тивийн ирээдүйн одод Тайландад өрсөлдөж байна

    Хоёр дахь тоглолтод Монголын шигшээ Узбекистантай хүч үзэж, тэмцээний анхны ялалтаа авсан. Эхний үеийг 19:25-аар алдсан ч манай охид сэтгэл зүйгээ богино хугацаанд сэргээж, дараагийн гурван үеийг 25:10, 25:13, 25:16-гийн харьцаатай авч, 3:1-ээр буулган авлаа. Энэхүү ялалт нь Монголын багийн хувьд хэсгийн өрсөлдөөнийг үргэлжлүүлэх чухал үр дүн болсон юм. 

    Ази тивийн ирээдүйн одод Тайландад өрсөлдөж байна

    Харин гурав дахь тоглолтод Австралийн эсрэг тун итгэлтэй тоглолтыг үзүүлж, 25:17, 25:11-ээр эхний хоёр үеийг дараалан хожсон. Австрали гуравдугаар үед хариу тоглолт үзүүлэн 25:13-аар илүүрхсэн ч Монголын баг шийдвэрлэх дөрөвдүгээр үед дахин тоглолтын хэмнэлийг гартаа авч, 25:18-аар ялснаар 3:1-ийн харьцаатай хоёр дахь дараалсан ялалтаа байгууллаа. 

    Ази тивийн ирээдүйн одод Тайландад өрсөлдөж байна

    Ингэснээр Монголын шигшээ баг хэсгийн гурван тоглолтын дараах байдлаар хоёр хожил, нэг хожигдолтой болж, дараагийн шатны өрсөлдөөнд өрсөлдөх боломжоо хадгалсаар байна.