Боксын спортын гурав дахь удаагийн дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулах эрхийг манай улс баталгаажуулж чадлаа. Дэлхийн боксын холбооноос зохион байгуулдаг тус тэмцээн Улаанбаатар хотноо 2024 оны 9 сарын 23-26 хооронд UG Арена-д зохиогдоно. Дөрвөн өдөр үргэлжлэх тус тэмцээн нь Ази тивд анх удаа зохион байгуулагдаж буй боксын дэлхийн цомын тэмцээн бөгөөд Монголын боксын холбоо, Дэлхийн бокс хамтран зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлог юм.
Дэлхийн боксын цомын тэмцээн нь эрэгтэй, эмэгтэй элит боксчид бүтэн жилийн турш хэд хэдэн үе шаттайгаар чансааны оноо цуглуулдаг ба жил бүр зохион байгуулахаар болсон шинэ тэмцээн юм. Монголд болох тус тэмцээнд эрэгтэй долоо, эмэгтэй зургаан жингийн ангилалд өрсөлдөж, ялсан тамирчид 2024 оны арван нэгдүгээр сарын сүүлээр Английн Шеффилд хотноо болох боксын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авах юм.