Франц улсын нийслэл Парис хотноо 7 сарын 26 буюу Баасан гаригт 30 дахь удаагийн Олимпын нээлт болох гэж байгаатай холбогдуулан Олимпын хамгийн залуу оддыг тоймлон хүргэж байна.
"Парис-2024" Олимпод оролцох хамгийн залуу тамирчид
7 сарын 19
Фиби Гилл (Их Британи) - Хөнгөн атлетик
17 настай Фиби Гилл нь Олимпын наадамд оролцсон Их Британийн хамгийн залуу гүйлтийн тамирчин болж байна. Гилл нь “Хөнгөн атлетикийн Европын 18 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээн”-д энэ оны 5 сард оролцож 800 метрийн зайд Европын дээд амжилтыг эвдэж, нэг минут 57.86 секундын амжилтыг тогтоосон байна.
Саммер Макинтош (Канад) – Усан сэлэлт
Саммер Макинтош 2 дахь удаагаа Усан сэлэлтийн төрөлд оролцох гэж байна. Парист тэрээр 200 метрийн эрвээхэй сэлэлт, 400 метрийн ганцаарчилсан сэлэлтийн төрөлд оролцоно. Тэр мөн 200 метрийн ганцаарчилсан холимог сэлэлт, 400 метрийн чөлөөт сэлэлт, хэд хэдэн буухиа төрөлд оролцож дэлхийн хошой аварга болж байсан.
Квинси Вилсон (АНУ) - Хөнгөн атлетик
16 настай Квинси Вилсон нь хөнгөн атлетикийн төрөлд АНУ-ын багийг төлөөлөхөөр сонгогдсон түүхэн дэх хамгийн залуу тамирчин болж байна. Тэрээр Парисыг зорих АНУ-ын 4х400 метрийн буухиа тэмцээнд 44.94 секундэд 6-р байр эзэлсний дараа нэрлэгдсэн бөгөөд энэ нь 45-аас доош секундэд гүйсэн гурав дахь тохиолдол болж, АНУ-ын түүхэнд бичигдсэн юм.
Лола Тамблинг (Их Британи) - Скейтборд
Лола Тамблинг нь Их Британийн хамгийн залуу олимпын медальтан болсон Скай Браунтай хамт Парис 2024 скейтбордын тэмцээнд оролцох болсон байна. Тамблинг нь 16 настай бөгөөд өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зургаадугаар байр эзэлсэн нь "Плас де Ла Конкорд" цэнгэлдэх хүрээлэнд анх удаа олимпод оролцоход бэлэн гэдгээ нотолсон юм.
Куан хунчан (Хятад) -Усан шумбалт
17 настай Куан Хунчан нь 2 дахь удаагаа олимпод оролцож байна. Тэрээр анх 13 настайдаа Токиод болсон зуны Олимпын наадамд Хятадын бүрэлдэхүүнд багтсан хамгийн залуу тамирчин болж байсан юм. Хятад улс сүүлийн хоёр олимпод нэгээс бусад нь усанд шумбах төрлөөр тэргүүн байрыг авсан удаатай.
Абигэйл Мартин (Их Британи) - Уран сайхны гимнастик
Абигэйл Мартин нь 16 настай. Түүний оролцож буй анхны олимп болж байна. Тэрбээр Парис дахь Их Британийн хамгийн залуу гимнастикч бөгөөд Римини хотод болсон энэ жилийн Европын аварга шалгаруулах тэмцээнд Британийн эмэгтэйчүүдийн багийн бүрэлдэхүүнд багтаж мөнгөн медаль хүртээд байгаа юм.
Хүрэлийн Номуун /Монгол/
Х.Номуун нь Паралимпын усанд сэлэлтийн 50 болон 400 метрийн зайд оролцохоор болсон. Тэрбээр паралимпын усан замд Монголыг төлөөлөх анхны тамирчин болох ба одоо 17 настай. Улсынхаа дээд амжилтыг хэдэнтээ бататгасан Х.Номуун нь өнгөрсөн жил “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадамд хурд хүчээ сойсон, өсөж яваа ирээдүйтэй тамирчин юм.