Европын аварга шалгаруулах тэмцээний гол өрсөлдөгчдийн нэг Францын шигшээ баг өчигдөр хэсгийн тоглолтдоо Австрийг 1:0-ээр хожсон. Харамсалтай нь Францын шигшээ багийн түлхүүр тоглогч Килиан Мбаппе хамартаа хүнд бэртэл авсан. Тус тоглолтын сүүлийн минутад Франц 1:0-ээр тэргүүлж байх үед Мбаппе эсрэг багийн тоглогч, Австрийн Кевин Дансогитой мөргөлдөж хамарных нь цус тогтохгүй байсан тул талбайг орхисон.
Хамраа хугалсан Килиан Мбаппе хагалгаанд орохгүй хэмээн мэдэгджээ
6 сарын 18
Францын хөлбөмбөгийн холбоо болон дасгалжуулагч Дидье Дешам тоглолтын дараа Мбаппе хамраа хугалсан байх магадлалтай, Германы Дюссельдорф хотын эмнэлэгт хүргэгдэж байгаа хэмээн мэдэгдэхэд Францын олон мянган шүтэн бишрэгчид түүнийг дараагийн тоглолтуудад оролцохгүй байх вий хэмээн санаа зовниж эхэлсэн. Өнөөдөр эмнэлэг болон Францын шигшээ багийн зүгээс түүнийг хагалгаанд орохгүй гэдгийг албан ёсоор зарлалаа. Гэхдээ Мбаппегийн Европын аварга шалгаруулах тэмцээний дараагийн тоглолтод оролцох эсэх нь одоогоор тодорхой болоогүй байна.
Мбаппе сүүлийн минутад талбайгаас гарсны дараа тэмцээний шүүгчдээс зөвшөөрөл авалгүйгээр талбайд буцаж ирсэнд шүүгчид шар хуудсаар торгосон. Хэрэв Мбаппе бэртэлтэй мөн дээр нь дахин шар хуудсаар торгуулбал дараагийн оролцох эрсдэлтэй тул Францийн шигшээ баг ямар арга хэмжээ авахыг дараагийн тоглолтын эхлэлд мэдэгдэх нь ээ. Франц баасан гаригт Нидерландтай хэсгийн тоглолт хийх хуваарьтай байна.