MSports logo
ВОЛЕЙБОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДАШТ-ИЙ ХАСАГДАХ ШАТ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЛОО
  • А
    Админ

    10 сарын 10

  • ВОЛЕЙБОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДАШТ-ИЙ ХАСАГДАХ ШАТ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЛОО

    Волейболын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээн Польш болон Нидерланд улсуудад есдүгээр сарын 24-өөс эхлэн, 10 дугаар сарын 16-ийг хүртэл зохиогдох хуваарьтай байгаа билээ. Энэхүү тэмцээнд таван тивээс шалгарсан шилдэг 24 баг өрсөлдөж, хасагдах шатны найман баг шигшигдэн үлдсэн байна. Тэмцээний эхний шат 24 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдсөн бөгөөд хэсэг тус бүрээс дөрвөн баг хоёрдугаар шатанд шалгарсан юм. Харин эхний шатнаас шалгарсан 16 баг хоёр хэсэгт хуваагдаж, хасагдах шатны найман багийг шалгаруулсан. Эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны найман багаар Итали, БНХАУ, Бразил, Япон, Серби, Польш, АНУ, Туркийн багууд тодорсон. Эхний тойрогт Италийн эсрэг БНХАУ, Бразилын эсрэг Япон, Сербийн эсрэг Польш, АНУ эсрэг Турк гэсэн оноолт таарсан бөгөөд 10 дугаар сарын 11-ний 23:00 минутад Итали болон БНХАУ-ын тоглолтоор эхлэх болно.

    Одоогийн байдлаар тэмцээний чансааг Итали улсын шигшээ баг тэргүүлж, Бразилын шигшээ дэд байранд, Серби, АНУ, БНХАУ, Японы багууд удаах байрыг эзэлж байна. Дөрвөн жилд нэг удаа зохиогддог уг тэмцээн 2018 онд Япон улсад зохиогдож Серби улсын баг түүхэндээ анх удаа алтан медалийг хүртэж байсан бол Италийн баг мөнгө, БНХАУ-ын шигшээ хүрэл медаль хүртсэн. Эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өмнө нь 18 удаа зохиогдоход хуучин Зөвлөлт холбоот улс таван удаа аварга цолыг хүртэж байсан бол Япон, Куба улсын багууд тус бүр гурван удаа түрүүлсэн байдаг.

     

    Э.Мандалбаяр