MSports logo
3Х3 САГСАН БӨМБӨГИЙН U23 АНГИЛЛЫН ДАШТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
  • А
    Админ

    10 сарын 10

  • 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН U23 АНГИЛЛЫН ДАШТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

    3х3 сагсан бөмбөгийн U23 ангиллын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Румын улсын Бухарест хотод 10 дугаар сарын 5-9 ний хооронд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Гурав дахь жилдээ зохиогдож байгаа тус тэмцээнд эрэгтэй болон эмэгтэй төрөлд нийт 40 баг, 160 тамирчин хурд, хүчээ сорьж эрэгтэйчүүдийн аваргаар Польш улсын баг тодорсон бол, эмэгтэй төрөлд Францын шигшээ баг шалгарсан байна. харин тэмцээний үнэ цэнтэй тоглогчдоор эрэгтэй төрөлд Польшийн Матеуш Шлачетка, эмэгтэй төрөлд Францын Анна Нго Нжок нар нэрлэгдсэн юм. Польшийн эрэгтэй шигшээ багийн хувьд “С” хэсгийг гурван хожил, нэг хожигдолтой тэргүүлж хасагдах шатанд БНХАУ, Литва, Сербийн багуудыг буулган авч аварга цолыг хүртсэн. Харин эрэмтэй төрөлд аваргалсан Францын шигшээ баг тэмцээний “А” хэсгийг нэг ч хожигдолгүй тэргүүлж хасагдах шатанд Япон, Нидерланд, АНУ багуудыг хожиж тэмцээний аваргаар тодорсон байна.

    “FIBA 3x3 U23 World Cup” тэмцээнд Монгол улсын эрэгтэй шигшээ баг хэсэгтээ хоёр хожиж, хоёр хожигдон тэмцээнээ дуусгасан бол, манай улсын баг багтсан “А” хэсгээс Латви болон БНХАУ-ын баг хасагдах шатанд шалгарсан билээ. Харин эмэгтэй шигшээ баг Япон, АНУ, Доминикан, Узбекстан улсын багуудтай “С” хэсэгт өрсөлдөж тус хэсгээг АНУ болон Япон улсын багууд хасагдах шатанд шалгарсан байна. Монгол улсын U23 ангиллын эмэгтэй баг чансаагаараа гуравт жагсан, эрэгтэй баг чансааг тэргүүлэгчээр эрэмбэлэгдэж тэмцээнээ эхлүүлсэн ч, аль аль нь хэсгээсээ гарч чадалгүй тэмцээнээ дуусгасан юм.

    Э.Мандалбаяр