MSports logo
Э.ЭНХТАМИР ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • А
    Админ

    10 сарын 10

  • Э.ЭНХТАМИР ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

    Хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр дөрөв дэх өдрөө Бахрейн улсын Манама хотод үргэлжилж байна. Тэмцээний гурав дахь өдөр эмэгтэй 59 кг, эрэгтэй 67 кг-ийн ангилалын өрсөлдөөнүүд явагдсан. Манай улсын хувьд энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн тамирчин, дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор оролцож байгаа юм. Монгол улсын тамирчдын салхийг хагалж даваа гарагт 59 кг-д Э.Энхтамир өрсөлдсөн. Энэ жинд Азийн АШТ-ий аваргын төлөө 9 тамирчин оролцсон байна. Огцом өргөлтөөр Вьетнамын тамирчин Куанг Ти Там 93 кг өргөж, алтан медаль хүртлээ. Тэрбээр энэ жилийн Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд өргөснөөс 4 кг илүү өргөж, хувийн амжилтаа ахиулжээ. Хоёрдугаар байрт манай улсын тамирчин Энхбаатарын Энхтамир шалгарсан бөгөөд тэрбээр огцом өргөлтөөр 92 кг өргөж, мөнгөн медаль хүртлээ. Э.Энхтамир эхний өргөлтөөрөө 86, дараагийнхаар 89, гурав дахь оролтоороо 92 кг-ийг өргөсөн байна. Түүний араас анхны олон улсын тэмцээндээ 91 кг-ыг өргөсөн Хятад улсын тамирчин Шюэ Лон хүрэл медаль хүртлээ. 

     
    Харин түлхэлттэй өргөлтөөр Вьетнамын Ти Там 115 кг-аар хүрэл медаль хүртжээ. Тэрбээр гурав дахь оролдлого дээрээ 119 кг-ыг өргөх гэж оролдсон боловч амжилтгүй болсон байна. Хэрвээ Ти Там энэ оролдлогоо амжилттай болгосон бол түлхэлттэй өргөлтөнд алт хүртээд зогсохгүй, нийлбэр дүнгээр аварга болох байлаа. Энэ ангилалд хоёрдугаар байрт Индонез улсын тамирчин Натася Бетейоб 116 кг-ээр хүртэж, Азийн аварга цолыг сүүлийн оролдлогоор 118 кг-ын өргөсөн Шюэ Лонг хүртжээ. Харин манай тамирчин Э.Энхтамирын хувьд түлхэлттэй өргөлтөд эхний захиалгаар 106 кг-ийг өргөж, дараагийн удаад 6 кг-ийг нэмж захиалсан боловч оролдого амжилтгүй болж, хоёр ангилалын нийлбэр дүнгээр 198 кг өргөсөн амжилтаар Азийн аварга шалгаруулах тэмцээнийг өндөрлүүллээ. Ийнхүү манай тамирчдын салхийг хагалж дэлхийн хүчтэнүүдтэй өрсөлдсөн Э.Энхтамир Азийн аварга шалгаруулах тэмцээний огцом өргөлтийн мөнгөн медалийн эзэн боллоо. Лхагва гарагт манай улсаас 71 кг-ийн жинд Г.Ануужин, пүрэв гарагт 76 кг-д Д.Дархижав, баасан гарагт МУГТ М.Анхцэцэг -87 кг-ийн жинд тус, тус өрсөлдөх болно.  Өнөөдөр Бахрейн улсад эрэгтэй 73 кг, эмэгтэй 64 кг-ийн өрсөлдөөнүүд явагдаж байна. Азийн аварга шалгаруулах тэмцээн жил бүр зохиогддог боловч тахлын улмаас 2021 онд зохион байгуулагдаж чадаагүй юм.

    Н.Бэлгүүн