MSports logo
МОНГОЛ УЛСЫН “IHC” БАГ ХОЁР ДАХЬ ЯЛАГДЛАА ХҮЛЭЭЛЭЭ
  • А
    Админ

    11 сарын 1

  • МОНГОЛ УЛСЫН “IHC” БАГ ХОЁР ДАХЬ ЯЛАГДЛАА ХҮЛЭЭЛЭЭ

    Бразил улсын Рио де Жанейро хотод зохион байгуулагдаж байгаа 1 сая, 250 мянган долларын шагналын сантай, цахим спортын “CS GO” тоглоомын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын “IHC” хоёр дахь ялагдлаа хүлээлээ. Энэхүү тэмцээнд “IHC” баг Ази, Номхон далайн бүсийг төлөөлөн оролцож байгаа билээ. Тэмцээний эхний тойрогт Америк тивийн бүсээс шалгарсан, Дэлхийн чансааны номер 21 “Evil Geniuses” багтай учраа таарч 16-9 харьцаатай ялагдал хүлээсэн бол, хоёрдугаар тойрогт Дэлхийн чансааны номер найм, “Outsiders” багт 16:12-ын харьцаатай ялагдаж хоёр ялагдалтай тэмцээнээ үргэлжлүүлэхээр боллоо. Энэхүү тэмцээний формат нь гурав хожсон баг дараагийн шатанд шалгарч, гурав хожигдсон баг тэмцээнийг эхний шатнаас өндөрлүүлэх юм. Ийнхүү Монгол улсын “IHC” баг Дэлхийн аваргын үлдсэн тоглолтуудад хожигдох эрхгүй тоглолтуудыг хийхээр болсон байна. “IHC” багийн хувьд энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Б.Бат-Энх/Kabal/, Б.Тэнгис/Sk0r/, Н.Түвшинтөгс/Annihilation/, Б.Гарьдмагнай/bLitz/, М.Содбаяр/Techno/ гэх таван залуугийн бүрэлдэхүүнтээ Бразил улсыг зорьсон билээ.

    Ази, Номхон далайн бүсийн хоёр эрхийн төлөө 16 баг өрсөлдсөнөөс, “IHC” баг нэгээр шалгарч, Австрали улсын “Grayhound” баг хоёроор шалгарч Бразил улсыг зорьсон юм. “IHC” баг өнгөрсөн тавдугаар сард Бельги улсын Антверпен хотод зохиогдсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцсон анхны баг болж байсан бөгөөд тус тэмцээнд нэг хожил гурван хожигдолтой эхний шатнаас тэмцээнийг орхиж байсан. Тухайн үеийн багийн бүрэлдэхүүнээс Г.Есөнтөмөр/nin9/ солигдож, түүний байрлал дээр тоглож байгаа Н.Түвшинтөгс/Annihilation/ хувьд анх удаагаа Дэлхийн аваргын тайзан дээр тоглож байгаа билээ. Тэмцээний гуравдугаар тойргийн тоглолтууд өнөөдөр орой 22:00 минутаас эхлэх ба “IHC” тэмцээнээ үргэлжлүүлэхийн төлөө үлдсэн тоглолтуудад гурван цуврал тоглолтуудыг хийх юм.

     

    Э.Мандалбаяр