Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 32 бөх, 16 сурын харваачаас допингын сорьцын шинжилгээг энэ сарын 13-нд авч Германы лаборатори руу явуулсан. Тэдгээрээс дөрвөн тамирчны сорьцод сэжигтэй хариу гарсан талаар Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, Үндэсний бөхийн салбар хороо, Допингийн эсрэг үндэсний төвөөс өмнө нь мэдээлсэн. Тэгвэл өнгөрөгч амралтын өдрүүдэд сэжигтэй гурван тохиолдлын нарийвчилсан шинжилгээний хариу ирж допингийн хориотой бодис илэрсэн нь тогтоогдсон байна. Иймд өнөөдөр тухайн гурван тамирчинтай Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, Үндэсний бөхийн салбар хороо уулзаж, шинжилгээнийх нь хариуг танилцууллаа.
Тухайн хариуд:
- Улсын харцага цолоо батлаад байсан Ховд аймгийн Булган сумын харъяат "Алдар" спорт хорооны бөх Г.Ганхуяг
- Ховд аймгийн Алтай сумын харъяат "Алдар" спорт хорооны бөх Аймгийн арслан Г.Хишигбат
- Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харъяат "Алдар" спорт хорооны бөх Цэргийн арслан Г.Жамбалдорж
Эдгээр бөхчүүдэд додингын шинжилгээний хариуг танилцуулсан тухай эх сурвалж мэдээллээ.