Хүн төрөлхтний энх тайван, эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон зуны олимп хэдхэн хоногийн дараа буюу 07-р сарын 26-ны өдрөөс албан ёсоор эхлэх гэж байна. Монгол Улсаас Парис 2024 зуны олимпын есөн төрөлд 32 тамирчин оролцох эрхээ аваад байгаа юм. Энэ удаагийн олимпод скейтбординг, серфинг, спорт авиралт, брейк бүжиг зэрэг шинэ спортын төрөл нэмэгдсэн гэдгээрээ онцлогтой.
Олимп гэдэг зөвхөн спортын наадам бус дэлхийн улсуудыг нэгэн дээвэр дор нэгтгэх, эв нэгдлийг бэхжүүлэх ид шидтэй билээ. Тиймдээ ч үндсэн тэмцээнээс гадна соёлын наадам, хөгжөөн дэмжигчдийн бүс, олон нийтийн оролцооны хөтөлбөрүүд тэргүүтэй үйл ажиллагаанууд зохион байгуулагдана. Энэ хүрээнд “House” төслүүд хэрэгжих ба 15 улс, байгууллага өөрсдийн хотхоноор дамжуулан соёл уламжлал, ёс заншил, үүх түүхээ олон улсын иргэдэд таниулах үйл ажиллагааг явуулна. Мэдээж тэдний нэг нь Монгол улс байх болно.
Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны санаачилгаар хэрэгжүүлж буй уг төсөл нь 2023 оноос эхэлсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газар, НЗДТГ, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Бүгд найрамдах Франц улсад суугаа Элчин сайдын яам тэргүүтэй төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй. Төслийн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүдийг МҮОХ-ны ажлын хэсэгтэй хамтран “Модерн Номадс” ХХК болон Тэнгэр телевизийн баг хариуцан ажиллаж байгаа юм.
“Mongolia House” нь Парис хотын зүүн хойд хэсэгт байрлах 55.5 га талбай бүхий Ла Виллет /Parc de la Villette/ цэцэрлэгт хүрээлэнд долдугаар 27-ноос наймдугаар сарын 10-ны өдрүүдэд ажиллах ба олон улсаас хуран цугласан спорт сонирхогч, жуулчдаас гадна Франц, түүний эргэн тойрон дахь Европын орнуудад ажиллаж, амьдарч буй монголчууддаа уг хотхоны үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
Энэхүү төслийг МҮОХ-ноос Монголын олимпизмын хөдөлгөөнийг дэмжих, олимпын их наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүсэх, улмаар үндэсний спорт болон нүүдлийн ахуй соёл, урлагийн тоглолт, идээ ундааны дээжээр Монголыг сурталчлан таниулах, “Go Mongolia” брэндийн үзэл санааг олон улсад танилцуулах томоохон зорилгын хүрээнд зохион байгуулж буй.