17 дахь удаагийн паралимпын наадам Францын нийслэл Парис хотноо найм дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Тус наадамд манай улсаас пара спортын зургаан төрөл нийт 12 тамирчин өрсөлдсөнөөс одоогоор нэг алт, хоёр мөнгөн медалийг эх орныхоо нэр дээр бичүүлээд байна.
Өнөөдөр паралимпын наадамд оролцож буй манай тамирчдын жүдо бөхийн төрөл эхэлж байгаа ба манай улсаас дөрвөн тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сориход бэлэн болоод байна. Жүдо бөхийн төрлийн эхний өдөр J1 ангиллын эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд Тогтохбаярын Сувд-Эрдэнэ 16:00 цагаас жүдо бөхийн шигшээ багийн салхийг хагалж барилдана. Б.Нарантуяа дасгалжуулагчтай Т.Сувд-Эрдэнэ нь 2002 онд төрсөн, 22 настай залуу тамирчин. “Ханжоу-2022” Азийн наадмын шагналт байрын эзэн ба Токио, Турк, Тбилисигийн Гранпри тэмцээнүүдэд амжилттай оролцож шагналт 5-р байр эзэлж байсан юм. Улмаар Парисын паралимпын наадамд Олон улсын пара жүдо бөхийн холбооноос олгодог цагаан хуудсаар анх удаа оролцож байна.