MSports logo
Антверп баг "Sukhbaatar Challenger" тэмцээнд аварга болсноор улирлын хоёр дахь түрүүгээ хүртлээ
  • А
    Админ

    8 сарын 14

  • Антверп баг "Sukhbaatar Challenger" тэмцээнд аварга болсноор улирлын хоёр дахь түрүүгээ хүртлээ

    Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн “Sukhbaatar Challenger” тэмцээн 08/13,14-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэнд болж өндөрлөлөө. Тэмцээнд АНУ, Франц, Белги, БНХАУ, Филиппиний шилдэг шигшээ багууд хүрэлцэн ирсэн дээр Монгол улсаас таван баг нэмэгдэж, дэлхийн шилдгүүдтэй хүч үзсэн өрсөлдөөнтэй тоглолтууд боллоо. Сүхбаатар- Дэлхийн гранпри тэмцээнд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт АНУ-ын алдарт Майами баг ирж оролцсон нь өрсөлдөөнийг улам сонирхолтой болгосон юм.

    Антверп баг "Sukhbaatar Challenger" тэмцээнд аварга болсноор улирлын хоёр дахь түрүүгээ хүртлээ

    Хоёр сарын өмнө буюу өнгөрөгч 6-р сард Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохиогдсон “Mayor’s Ulaanbaatar Challenger” тэмцээний аварга Бельгийн Антверп баг энэ тэмцээнд ч дахин аварга боллоо. Тэдэнтэй өрсөлдөхүйц олон баг байсан ч тоглолт бүрийн эцсийн мөчийг тэд өөрийн болгож чадсанаар улирлын хоёр дахь түрүүгээ хүртсэн юм. Хамгийн их оноо авсан No1, хамгийн сайн шидэлттэй гэж зөвшөөрөгдсөн Супер од Тибо Вервортгүй байсан ч гялалзсан Бельгичүүд 3х3 төрөлд байр сууриа хадгалсаар байна. Антверп баг Хятадын Вухан, Вуши багуудын эсрэг томоохон сорилтуудыг даван гарч, хагас шигшээд АНУ-ын Майами багтай эн тэнцүү өрсөлдөөнийг үзүүлсэн. Бельгийн багаас Деннис Донкор, Ник Селис тэргүүтэй залуус өөрсдийн нөөц боломжийг шавхсаар NBA-гийн тоглогч асан Жиммер Фредеттээр ахлуулсан Америкийн багааг буулган авч, финалд шалгарч чадсан. Энэ удаагийн тэмцээнд Бээжин багийн тоглогчдийг мөн онцлох хэрэгтэй. Бямба гарагийн тоглолтонд бэртлийн улмаас нэг хүнээ алдсан Бээжин баг гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр, сэлгээгүйгээр зоригтой, дайчин тоглолтуудыг үзүүлсээр “Sukhbaatar Challenger” тэмцээний өндөрлүүллээ.

    Антверп баг "Sukhbaatar Challenger" тэмцээнд аварга болсноор улирлын хоёр дахь түрүүгээ хүртлээ

    Харин Монголоос мэргэжлийн 5 баг оролцсоноос Улаанбаатар ММС Энержи баг маань шилдэг 4-т шалгарсан амжилт үзүүллээ. Улаанбаатар ММС Энержи багаас бусад Монголын багуудын хувьд шөвгийн наймаас цааш шалгарч чадаагүй ч Монгол тоглогчдын хурд, ур чадварыг толилуулж чадсан гэж хэлж болно. Ялангуяа залуу тоглогчид сагсан бөмбөгийн Монголын ирээдүй өнгөтэй байгааг өөрсдийн хичээл зүтгэлээр харуулсан. Энэ удаагийн тоглогчдоос удаан хугацааны бэртлийн дараа Монголдоо болсон олон улсын тоглолтонд эргэн тоглосон Энхбатын Дөлгөөн онцлох тоглогчдийн нэг байсан. Тэрбээр бэртлээс эргэн ирснээс хойш хоёр дахь тоглолтондоо оролцож, багаараа хагас шигшээд шалгарсан үзүүлэлттэйгээр тэмцээнийг өндөрлүүлсэн.

    Антверп баг "Sukhbaatar Challenger" тэмцээнд аварга болсноор улирлын хоёр дахь түрүүгээ хүртлээ

    Ийнхүү тэмцээний аваргаар Антверп баг шалгарч, Бээжин баг удаалсан. Тэмцээний MVP-ээр Антверпений тоглогч Ник Селис шалгарч, түүний багийн нөхөд болон Йонас Фоертс, Донкор нар нийлээд тэмцээний туршид 63 оноо авсан байна.

    Н.Бэлгүүн