MSports logo
С.Жамбалжамц Испанийн мэргэжлийн дугуйн “Бургос-Би Эйч” багтайгаа нэгдээд байна
  • Б
    Бэлгүүн

    11 сарын 28

  • С.Жамбалжамц Испанийн мэргэжлийн дугуйн “Бургос-Би Эйч” багтайгаа нэгдээд байна

    Испанийн мэргэжлийн дугуйн “Бургос-Би Эйч” баг хүчээ зузаатгахаар Монголын дугуйчин Сайнбаярын Жамбалжамцыг эгнээндээ нэгтгэснээ зарлаад байсан. Тэгвэл С.Жамбалжамц Испанийн багтай албан ёсоор нэгдэж, бэлтгэл сургуулилтдаа хамрагдаж эхэлжээ.  UCI оноо багуудын амжилтыг хэмжих хэмжүүр болж хувирч буй дугуйн спортод “Бургос-Би Эйч” баг амжилтаа ахиулж, өрсөлдөх чадвараа сайжруулахын тул Грек, Монгол, Шинэ Зеландын тамирчдаар хүчээ зузаатгажээ. Испанийн багт мөн Уругвай, Монако, Голланд, Франц дугуйчид байгаа нь тус багийн хувьд цаашид том амбицтай байгааг илтгэж байна. 2024 онд тэд Тур де Франс, Жиро Д'Италиа эсвэл Вуэлта Испаниа зэрэг томоохон тур уралдаануудад оролцохын тулд дэлхийн шилдэг 40 багийн тоонд багтах ёстой бол 2025 онд шалгуур улам нарийсч, шилдэг 30-ын нэг байх ёстой. Тийм ч учраас чансааны оноо бүр тун чухалд тооцогдож байна. Эдгээр өдрүүдэд дугуйчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, хэмжилт хийж, дугуй болон хувцсыг нь илгээж байгаа аж. Багийн хувьд нэгдсэн эв нэгдэл чухал гэдгийг онцолжээ. Мэргэжлийн ертөнцөд олон жилийн түүхтэй дугуйчдын хувьд ирэх улирлын зорилт төлөвлөгөөг гаргаж буй энэ үед ийнхүү Монгол дугуйчин С.Жамбалжамц Европын мэргэжлийн багтаа нэгдэж цоо шинэ дайралтыг эхлүүлэхэд бэлдэж байна.  Тус багийн цахим хуудсанд С.Жамбалжамцыг онцолж, ирэх зорилтуудын хамгийн өвөрмөц хүч гэдгийг дурджээ. 

    С.Жамбалжамц Испанийн мэргэжлийн дугуйн “Бургос-Би Эйч” багтайгаа нэгдээд байна

    Бургос Би Эйч баг нь 2006 онд байгууладсан UCI-д харъяалалтай Испанийн мэргэжлийн дугуйн баг юм. Өдгөө 27 настай манай улсын тамирчин Испанийн багт өөрийн ур чадвар, Монгол дугуйчний давуу байдлыг харуулах түүхэн замналыг эхлүүлж байна. Испанийн баг Монголоос дугуйчинтай гарын үсэг зурсан нь Европын томоохон уралдаануудад Монгол дугуйчин уралдах болсон анхны онцлох үйл явдал болж байгаа билээ. С.Жамбалжамцын Европт уралдах болсон нь Монгол төдийгүй Азийн тамирчдын хувьд том боломж. Түүний хувьд Малайзын багийн эгнээнээс Азийн цуврал тур уралдаануудад уралдаж, Ази тивд чансаагаар топ зэрэглэлд нэрлэгдэх болсон. Тодруулбал, С.Жамбалжамц Малайзын Теренггану Полигон багийн бүрэлдэхүүнд Малайзын уралдааны түрүү хүртсэнээс гадна Ираны тур, Хятад дахь Хуаншан тур зэрэг тэмцээнд түрүүлсэн амжилтыг үзүүлж, тогтмол амжилттай яваа юм. Мөн тэрбээр 2024 оны Парисын олимпод оролцох эрхээ аваад байгаа юм.