MSports logo
Монголын хөлбөмбөгийн гуравдугаар тойргийн тоглолтууд өндөрлөлөө
  • П
    Пүрэвлхагва

    10 сарын 7

  • Монголын хөлбөмбөгийн гуравдугаар тойргийн тоглолтууд өндөрлөлөө

    Өнгөрсөн амралтын өдрүүдээр Монголын хөлбөмбөгийн гуравдугаар тойргийн тоглолтууд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Гуравдугаар тойргийг нээж Ховдын хүлэгүүд болон Бишрэлт Хоромхон клубүүд тоглолоо.

    Ховдын Хүлэгүүд 7:2 Бишрэлт Хоромхон

    Монголын хөлбөмбөгийн гуравдугаар тойргийн тоглолтууд өндөрлөлөө

    Тоглолтын 19 дэх минутад Бишрэлт Хоромхон клубийн залуу тамирчин Э.Тэгшжаргал хаалганаас 30-аад метрийн холоос ганган цохилтоор гоолын салхийг нээв. Гэсэн ч түүний гоолоос ердөө 4 минутын дараа Ховдын хүлэгүүд клубийн Япон тоглогч Канеки Хирото гоол оруулж 1:1 болгов. Улмаар тоглолтын эхний хагас өндөрлөхтэй зэрэгцэн Г.Оюунбадрах гоол оруулж 2:1 харьцаатай Ховдын Хүлэгүүд клуб тэргүүлж эхлэв. Тоглолтын хоёрдугаар хагасын 48 дахь минутад Ховдын хүлэгүүд клубийн Кристофер Герардо гоол оруулж 3:1 болгов. Улмаар тоглолтын 51 дэх минутад Ховдын Хүлэгүүд клубийн багийн ахлагч Г.Буяннэмэх 11 метрийн торгуулийн цохилтоос гоол оруулж 4:1 болгов. Тоглолтын 59 дэх минутад Бишрэлт Хоромхон клубийн багийн ахлагч Н.Наранболд 11 метрийн торгуулийн цохилтоос гоол оруулж 4:2 болгон ойртуулав. Тоглолтын 72 дахь минутад Кристофер Герардо дахин гоол оруулж 5:2 болгов. Улмаар тоглолтын 76 дахь минутад Ховдын Хүлэгүүд клубийн багийн ахлагч Г.Буяннэмэх чөлөөт цохилтоос гоёмсог гоол оруулж 6:2 болгов. Тоглолтын 88 дахь минутад Кристофер Герардо гоол оруулж энэ тоглолтын эцсийн цэгийг тавьж 7:2 харьцаатай Ховдын Хүлэгүүд клуб хожил байгууллаа.

    Вестерн 1:4 FC Ulaanbaatar

    Монголын хөлбөмбөгийн гуравдугаар тойргийн тоглолтууд өндөрлөлөө

    Тоглолтын эхний хагасын 24 дэх минутад FC Ulaanbaatar клубийн шинэ цэрэг Монголын шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюуш чөлөөт цохилтоос ганган гоол оруулж тоглолтын тооны харьцааг нээв. Улмаар тоглолтын 59 дэх минутад А.Тэмүүжин зүүн хөлийн гоёмсог цохилтоор гоол оруулж 0:2 болгон холдуулав. Тоглолтын 65 дахь минутад Б.Балжинням гоол оруулж, FC Ulaanbaatar клуб 0:3 болгов. Тоглолтын 78 дахь минутад Б.Энхтулга сэлгээгээр талбайд орж ирмэгцээ эхний хүрэлтээрээ гоол оруулж тооны харьцааг 4:0 болгов. Тоглолтын 86 дахь минутад Вестерн клубийн Япон тоглогч Ниши Юто хаалганаас 20-иод метрийн зайнаас ганган гоол оруулж 1:4 болгосон ч үндсэн цаг дуусаж FC Ulaanbaatar клуб улирлын 7 дахь оноогоо авч, хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байна.

    Хангарьд 3:3 Хантерс

    Монголын хөлбөмбөгийн гуравдугаар тойргийн тоглолтууд өндөрлөлөө

    Тоглолтын эхний хагасын 20 дахь минутад Хантерс клубийн Чо Кёнг Мин гоол оруулж 0:1 болгов. Тоглолтын 37 дахь минутад энэ улиралд Хантерс клубт нэгдсэн Б.Намсрайдорж гоол оруулж тооны харьцааг 0:2 болгов. Гэсэн ч тоглолтын эхний хагас өндөрлөхтэй зэрэгцэн Хангарьд клубийн Япон тоглогч Янагидате Казу гоол оруулан 1:2 болгон ойртуулж, эхний хагасыг Хантерс клуб илүүрхэв. Тоглолтын 66 дахь минутад энэ улиралд Хантерс клубт нэгдсэн Г.Тэмүүжин хаалгачийн эсрэг ганцаараа гарч ирэн гоол оруулж 1:3 болгов. Түүний гоолоос ердөө 2 минутын дараа Хангарьд клубийн эхний гоолын эзэн Янагидате Казу дахин гоол оруулж 2:3 болгон ойртууллаа. Улмаар тоглолтын үндсэн цаг дуусаж, шүүгчийн мэдлийн 90+6 дахь минутад Хангарьд клубийн Япон тоглогч Кайто Асано гоол оруулж 3:3 болгосноор хүснэгтийг тэргүүлэгч хоёр багийн тоглолт оноо хуваалаа. 

    Бусад тоглолтын үр дүн:

    Улаангом Сити 1:4 Дэрэн

    SP Falcons 0:0 Central Stallions F.C.

    Гуравдугаар тойргийн дараах байдлаар лигийн хүснэгт:

    Монголын хөлбөмбөгийн гуравдугаар тойргийн тоглолтууд өндөрлөлөө

    Гэрэл зургийг- Mongolian Premier League