MSports logo
ПАРИС 2024 Базаа:08-р сарын 02-ны өдөр өрсөлдсөн манай тамирчдын амжилт
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 2

  • ПАРИС 2024 Базаа:08-р сарын 02-ны өдөр өрсөлдсөн манай тамирчдын амжилт

    Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг зуны олимпын наадам Парис хотноо долоо дахь өдрөө үргэлжилж байна. Эхний өдөр Жүдо бөхийн төрлөөр ОУХМ Б.Баасанхүү мөнгөн медаль хүртэж, Монголчууд наадмыг өнгөтэй эхлүүлсэн.

    Түүнээс хойш Байт харваа, Буудлага, Усан сэлэлт, Жүдо, Дугуй, Бокс зэрэг төрлүүдээр манай тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин Олимп, дэлхийд үзүүлсэн амжилтуудаа ахиулсаар байна. Өнөөдөр буюу 08-р сарын 02-ны өдөр манай улсаас спортын хоёр төрөлд гурван тамирчин хурд хүч, сэц мэргэнээ сорилоо.


    БУУДЛАГА: ОУХМ Оюунбатын Есүгэн


    ПАРИС 2024 Базаа:08-р сарын 02-ны өдөр өрсөлдсөн манай тамирчдын амжилт

    Буудлага спортын 50м-ийн урт бууны гурван байрлалаас буудах дасгалд Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Сербийн Гранпри тэмцээний хүрэл медальт ОУХМ О.Есүгэн өнөөдөр финалын шатанд дэлхийн шилдэг 7 тамирчинтай медалийн төлөө өрсөлдөж, 407.6 оноотойгоор 7-р байраар тэмцээнээ өндөрлүүлж байна.

    Өчигдөр 50м-ийн урт бууны гурван байрлалаас буудах дасгалд 32 тамирчинтай өрсөлдөж 589 оноотойгоор дөрөвдүгээр байрт шалгаран шилдэг наймд багтсан билээ. 50м-ийн урт бууны ангилалд өмнө нь манай улсаас медалийн өрсөлдөөнд шалгарч байгаагүй ба ОУХМ О.Есүгэн буудлага спортын тамирчдаас анх удаа уг амжилтыг үзүүллээ. 


    ЖҮДО: ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл


    ПАРИС 2024 Базаа:08-р сарын 02-ны өдөр өрсөлдсөн манай тамирчдын амжилт

    Өнөөдөр жүдо бөхийн +100 кг-ын жинд удам дамжсан жүдоч О.Цэцэнцэнгэл 16:00 цагаас барилдана. 2021-2023 онд зохиогдсон гурван ч Гранд Сламд түрүүлж, 2022-2024 оны ДАШТ-нд 9-р байранд шалгарч байсан О.Цэцэнцэнгэл үеийн тамирчин Германы жүдоч Эрик Абрамовтой эхний шатанд учраа таарч барилдав. Барилдааны үндсэн цагт тэнцэж, нэмэлт цагт О.Цэцэнцэнгэл багахан алдаа гаргаж, өрсөлдөгчдөө вазари үнэлгээгээр ялагдал хүлээлээ. Ийнхүү О.Цэцэнбилэгийн хувьд Парисын наадмаа өндөрлүүлж, Олимпын наадамд Аав, хүү хоёр өрсөлдсөн түүхэн мөчийн гэрч боллоо. Өрсөлдөгч Абрамов нь Олимп, Дэлхийн

    медальгүй ч Их дуулга тэмцээнүүдэд 4 хүрэл, 1 мөнгөн медальт тамирчин байсан юм. Цэцэнцэнгэлийн аав Одхүү нь 2000 оны Сидней, 2004 оны Афины олимпод оролцож байсан туршлагатай бөх ба Монгол улсын Начин цолтой.

    Цэцэнцэнгэл ч мөн ялгаагүй 2022 оны тэгш ойт баяр наадмаар Улсын Начин цол хүртэж, аавынхаа шийрийг хатаах бөх гэдгээ батлан харуулсан. Түүний жүдо бөхийн замнал 14 настайгаас нь эхэлсэн ба Азийн залуучуудын АШТ-ий хүрэл, Залуучуудын

    Ази, Номхон далайн орнуудын АШТ-ий алт хүртэж, өдгөө Олимпын наадамд Монгол улсаа төлөөлөн оролцлоо.


    ЖҮДО: ОУХМ Амарсайхны Адьяасүрэн


    ПАРИС 2024 Базаа:08-р сарын 02-ны өдөр өрсөлдсөн манай тамирчдын амжилт

    Азийн наадмын хүрэл медальт, Их дуулга тэмцээнүүдээс хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байсан ОУХМ Амарсайханы Адьяасүрэн өнөөдөр Парисын татамид +78 кг-ын жинд барилдлаа. Тэрбээр эхний шатанд Казакстаны тамирчин Камила Берклаштай барилдаж, бүтэн зтоглолтын турш идэвхтэй барилдан эсрэг тамирчнаа торгуулиар буулгаж асан. Шигшээ 8-д шалгарах эрхийн төлөө тэмцээний D хэсгийг тэргүүлэгч Туркийн тамирчин Каяра Оздемиртэй барилдаж, эцсийн мөчид харамсалтайгаар торгуулиар ялагдлаа. Каяра Оздемирын хувьд 36 настай, 2011 оны Дэлхийн аварга, 2024 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2023 оны Гранд Сламуудад аварга авч байсан туршлагатай тамирчин байлаа.


    Ийнхүү Жүдо бөхийн ганцаарчилсан тэмцээн энд хүрээд өндөрлөж байна. Маргааш Жүдо бөхийн багийн тэмцээн 14:00 цагаас эхэлнэ. Манай багтай эхний учраанд Израйл улсын баг тамирчид таарсан байна. Хэрвээ эхний шатаа амжилттай давбал Парисын наадмыг зохион байгуулагч Францын шигшээ багтай өрсөлдөнө.

     

    Маргааш буюу 08-р сарын гуравны өдөр Дугуйн спортоор цоо шинэ түүх бүтээж, өөрийн чансаагаараа Олимпод оролцож буй Сайнбаярын Жамбалжамц 17:00 цагаас засмал замын бөөн гараанд гарч уралдана.