Монголчуудын оролцсон 8 дахь зуны олимп бол Атланта-1996. Зуны олимпын 26 дахь тоглолтонд 197 улсын 6797 тамирчин 271 багц медалийн төлөө өрсөлдөхөд манай улсыг төлөөлж байт харваа, бокс, буудлага, дугуйн спорт, жүдо, хөнгөн атлетик, чөлөөт бөхийн төрөлд эрэгтэй 13, эмэгтэй 4 тамирчин оролцсон байна. Олимпын нээлтийн ёслолд Монгол улсын тугийг Долгорсүрэнгийн Сумьяабазар өргөсөн юм.
Жүдо бөхийн тамирчид 16 жилийн дараа ахин олимпын дэвжээнд амжилт үзүүлж, шагналын тавцанд зогссон. Энэ удаад харьцангүй цөөхөн тамирчид Нэгдсэн улсыг зорьсон бөгөөд жүдо бөхийн 60 кг-ийн жинд Доржпаламын Нармандах, 66 кг-д Пүрэвдоржийн Нямлхагва, 71 кг-д Халиуны Болдбаатар зодоглож, Нармандах Пуэрто-Рико, Их Британи, Узбекистаний бөхчүүдийг илүүрхэж, Японы бөхөд ялагдсанаар медалийн төлөөх барилдаанд Беларус улсын Натик Багировыг ялснаар 21 насандаа олимпын хүрэл медалийн эзэн болсон. Энэхүү медаль нь Атлантын олимпын Монголчуудын цор ганц медаль болон тэмдэглэгдсэн. 71 кг-д хүч үзсэн Болдбаатар шагналт Аргентин, АНУ, Гүржийн бөхчүүдийг ялж, Япон, Францын бөхчүүдэд ялагдснаар шагналт 5-р байрт шалгарсан.
8 дахь олимпын наадамдаа оролцсон чөлөөт бөхийн төрөлд мөн өмнөх олимпуудтай харьцуулахад цөөн тамирчин оролцсон. 48 кг-д Лувсан-ишийн Сэргэлэнбаатар, 57 кг-д Цэрэнбаатарын Цогтбаяр, нөөц тамирчинаар Оюунбилэгийн Пүрэвбаатар, 90 кг-д Баянмөнхийн Гантогтох, 100 кг-д Долгорсүрэнгийн Сумьяабазар нар оролцсон.
Хүндийг өргөлтийн төрөлд 108 кг-д Цэнхэржавын Хоёбаяр өрсөлдөх байсан ч гэмтлийн улмаас олимпод оролцож чадаагүй.
Хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн зээрэнцэг шидэлтийн төрөол Дашдэндэвийн Махашири Монгол улсыг төлөөлж 23-р байрт эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн төрөлд Эрхэмсайханы Даваажаргал өрсөлдөж 63-р байр эзэлсэн юм.
Атлатын олимпын буудлагын 25 метрийн спорт гар бууны төрөлд Доржсүрэнгийн Мөнхбаяр 15, Отрядын Гүндэгмаа 5-р байрт шалгарч, 10 м-ийн хийн гар бууны төрөлд Мөнхбаяр 21-р байр, Гүндэгмаа 30-р байрт шалгарсан.
Ширэн бээлийтнүүдийг төлөөлж 26 дахь зуны олимпод 3 тамирчин оролцсон. БОксын 54 кг-д Цэен-Ойдовын Даваацэрэн, 57-д Жамганы Наранцогт, 60 кг-д Түмэнцэцэгийн Үйтүмэн оролцож, Даваацэрэн Замби, Өмнөд Солонгос улсын тамирчдыг буулган авснаар шагналт 5-р байрт шалгарсан байна.
Байт харвааны төрөлд цор ганц тамирчин оролцсон нь Жаргалын Отгон. Тэрээр 45-р байраар тэмцээнээ өндөрлүүлсэн бол дугуйн спортын эрэгтэй хувийн бөөн гараатай уралдаанд Дашнямын Төмөр-Очир оролцсон ч барианд орж чадаагүй юм. Ийнхүү нэг хүрэл медаль, 3 шагналт байрын амжилтаас Монгол улс 197 улсаас 71-р байрт эрэмблэгдлээ.