Зуны олимпыг хүлээн авсан Азийн хоёр дахь хот бол Сөүл хот юм. Өмнөх хоёр олимпод том гүрнүүд бие, биенээ ээлжлэн бойкотлсны улмаас оролцогчийн тоо цөөн байсан бол зуны олимпын 24 дэх тоглолтод 159 улсын 8391 тамирчин спортын 23 төрөлд 237 багц медалийн төлөө өрсөлдөхөд манай улс байт харваа, бокс, буудлага, жүдо, чөлөөт бөх гэсэн 5 төрөлд 24 эрэгтэй, 4 эмэгтэй тамирчин оролцсон байна. Олимпын нээлтийн ёслолд Монгол улсын тугийг Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ өргөсөн юм. Зөвлөлт Холбоот улсын тэргүүлсэн бойкотод оролцон 1984 оны олимпыг алгассан манай улс 1988 оны Сөүлийн олимпод оролцсон.
Монголчуудын зургаа дахь олимпын наадамд чөлөөт бөх медалийн буухиагаа тасладуулсан бол боксынхон Монголчуудын нэр хүндийг өргөж, боксын төрөлд манай улсын анхны медальтан Сөүлийн рингнээ төрөн гарсан. Боксын төрөлд 48 кг-ийн жинд Очирын Дэмбэрэл, 51 кг-д Цэен-Ойдовын Цэрэнням, 54 кг-д Нямаагийн Алтанхуяг, 57-д Цэрэндоржийн Амаржаргал, 60 кг-д Нэргүйн Энхбат, 63,5 кг-д Содномдаржаагийн Алтансүх, 67-д Хайдавын Гантулга нарын 7 боксчин өрсөлдөж Алтанхуяг, Алтансүх нар шагналт 5-р байр эзэлсэн. 60 кг-ийн жинд 39 орны боксчид өрсөлдөхөд 26 настай Нэргүйн Энхбат анхны олимпдоо өрсөлдөж, Венесуэл, Унгар, Марокко улсын ширэн бээлийтнүүдийг дараалан ялж, хүрэл медалийн болзол хангасан. Тэрбээр медалийн өнгөө хувиргах тоглолтод Шведийн тамирчинтай эн тэнцүү ширүүн өрсөлдөөнийг үзүүлж ялагдсан. Ийнхүү Энхбат хүрэл медаль хүртэж, боксын төрөлд Монголын анхны олимпын медалийг эх орондоо авчирсан юм
Сөүлийн олимпын жүдо бөхийн төрөлд 60 кг-д Бадрахын Нямжав, 65 кг-д Жамсрангийн Дашдэрэм, 71 кг-д Жамбалын Ганболд, 78 кг-д Содномын Эрхэмбаяр 86 кг-ийн жинд Одвогийн Балжинням, +95 кг-д Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ нар өрсөлдсөн амжилт үзүүлж чадаагүй.
Монголчуудын анхны олимпоос эхлэн олимпын дэвжээнд эр бяраа үзсэн чөлөөт бөхийн төрөлд 48 кг-д Түмэндэмбэрэлийн Сүхбаатар, 52 кг-л Цэрэнбаатарын Энхбаяр, 57 кг-д Халтмаагийн Баттуул, 62 кг-д Авирмэдийн Энхээ, 68 кг-д Хэнмэдэхийн Амараа, 74 кг-ийн Лодойн Энхбаяр, 82 кг-д Пунцагийн Сүхбат, 90 кг-д Зэвэгийн Дүвчин, 100 кг жинд Болдын Жавхлантөгс нар оролцож Лодойн Энхбаяр дөрөвт, Сүхбат тав, Энхээ, Жавхлантөгс нар зургаа, Цэрэнбаатарын Энхбаяр, Баттуул нар шагналт долдугаар байранд шалгарсан.
Монголчууд анхны олимпод оролцсон цагаас хойш цэц сорьсон буудлага спортынхноос Сөүлд Сангидоржийн Адилбиш, Лхагваагийн Ундралбат, Бямбажавын Алтанцэцэг нар оролцож, Адилбиш эрэгтэйчүүдийн урт бууны төрөлд 39-р байр, Ундралбат гар бууны төрөлд 34, хурдан буудлагын төрөлд 21-р байрт шалгарсан бол Алтанцэцэг эмэгтэйчүүдийн хийн гар бууны дасгалд 27-р байр эзэлсэн юм.
Ийнхүү олимпын 24 дэх тоглолтонд манай улсаас бөхийн төрлүүдэд медаль авч чадаагүй ч боксын төрөлд анхны хүрэл медалийг хүртсэн Энхбатын медаль Сөүлийн олимпын Монголын цор ганц медаль болж, Монгол улс 159 орноос 47-р байрт оржээ.
Дашрамд сонирхуулахад 26 настайдаа олимпод анх удаа оролцож хүрэл медаль хүртсэн Нэргүйн Энхбатын тоглолтуудыг үзэж суусан Чингис хаан хамтлагийн дуучин МУГЖ Д.Жаргалсайхан тамирчны алдар хямдхан олдсонгүй хэмээн бичиж өөрийн найз Энхбатдаа зориулж “Тамирчны алдар” дуугаа бичсэн гэдэг.
1988 ОН СӨҮЛ ОЛИМПОД МОНГОЛЧУУД
А
Админ
12 сарын 19