Зүүн Европт зохиогдсон цорын ганц олимпын наадам бол Москва 1980. Харамсалтай нь тус олимпод АНУ-ын ерөнхийлөгчийн уриалгаар 50 улсын эрх баригчид Картерйн бойкотыг дэмжиж 1980 оны олимпыг өнжсөн юм. Зуны олимпын 22 дахь тоглолтонд 80 улсын 5179 тамирчин спортын 21 төрөлд спортын 203 багц медалийн төлөө өрсөлдөхөд манай улсыг төлөөлж байт харваа, бокс, буудлага, гимнастик, дугуй, жүдо, сонгомол бөх, чөлөөт бөх, хүндийн өргөлтийн төрөлд эрэгтэй 39, эмэгтэй 4 нийт 43 тамирчин, 9 дасгалжуулагч, 2 эмч оролцож байсан нь Монголчууд олимпод хамгийн олон тамирчнаа илгээсэн явдал болсон байна. Олимпын нээлтийн ёслолд Монгол улсын тугийг Зэвэгийн Дүвчин өргөсөн юм.
Монголчуудын тав дахь олимпын наадамд чөлөөтийнхөн медалийн буухиагаа таслалгүй сайн барилдаж, ард түмнийхээ итгэл найдварыг алдсангүй. Чөлөөт бөхийн 48 кг-ийн жинд Гомбын Хишигбаатар, 52 кг-д Нанзадын Бүргэдаа, 57 кг-д Дугарсүрэнгийн Оюунболд, 68-д Зэвэгийн Ойдов, 74 кг-д Жамцын Даваажав, 82 кг-д Зэвэгийн Дүвчин, 90 кг-д Дашдоржийн Цэрэнтогтох, 100 кг-д Хорлоогийн Баянмөнх, +100-д Однойн Бахыт нар зодоглосон юм. Манай бөхчүүдээс Цэрэнтогтох тав, Бүргэдээ, Насанжаргал, Дүвчин нар зургаад орж шагналт байр эзэлцгээсэн. Москвад манай бөхчүүдийн нэр төрийг өргөсөн тамирчид бол Дугарсүрэнгийн Оюунболд, Жамцын Даваажав нар. Оюунболд 23 настайдаа анхны олимпын дэвжээнээ гарч, энгэрээ мялаасан юм. 57 кг-ийн жинд зодоглосон тэрээр Румыний бөхийг оноогоор, Перу, Куб, Иракийн тамирчдыг цэвэр ялж, улмаар Болгарын бөхтэй учраа таарч ялсан байна. Энэ барилдааны дараа Оюунболд Хойд Солонгосын бөхөд 7:7-ийн харьцаатайгаар цаг дуусах мөчид ялагджээ. Удаах барилдаанаа манай бөх ЗХУ-ын нэрт тамирчин Сергей Белоглазовтой хийж, дийлдсэнээр хүрэл медалийн эзэн болсон юм. 74 кг-ийн жинд хүч үзсэн Даваажав Камерун, Пакистан, Румын, Италийн бөхчүүдийг ялж, удаах тойрогтоо ЗХУ-ын алдарт бөх Павел Пинигинтэй таарч эн тэнцүү өрсөлдөөнийг үзүүлэхэд хоёр бөхийг идэвхгүй барилдсан гэж үзэн хоёуланг нь торгож, дэвжээнээс буулгажээ. Ингэснээр тэрбээр дараагийн барилдаандаа заавал ялж медальд хүрэх даалгавартай дэвжээнд гарч Чехословакийн бөхийг ялж, аваргын төлөө Болгарын бөхөд ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болж, нутгийнхнаа баярлуулсан юм.
Сонгомол бөхийн төрөлд Буяндэлгэрийн Болд, Адуучийн Баатархүү, Жамцын Бор нар өрсөлдөж, 68 кг-д Болд шагналт 5-р байрт шалгарсан.
22 дахь удаагийн зуны олимпод Манай жүдо бөхийн тамирчдын анхны медальтнууд төрсөн. Жүдогийн 60 кг-д Янжмаагийн Дорж, 65 кг-д Цэндийн Дамдин, 71 кг-д Равдангийн Даваадалай, 78 кг-д Довдонгийн Дашжамц, 86-д Дамбажавын Цэнд-Аюуш, 95 кг-д Дэндэвийн Амгаа, +95-д Гүсэмийн Жалаа, үнэмлэхүй жинд Дамбажавын Цэнд-Аюуш хүч үзжээ. Үнэмлэхүй жинд Цэнд-Аюуш шагналт 5-р байр эзэлсэн бол манай жүдочдийн олимпын медалийн эхлүүлсэн тамирчид нь Дамдин, Даваадалай нар юм. 65 кг-ийн жинд 29 орны 29 жүдоч хоёр хэсэг болж хүч үзэхэд Цэндийн Дамдин хэсэгтээ Зимбабве, Франц, Швед, Польшийн бөхчүүдийг ялж, аваргын төлөөх барилдаанд эзэн орны бөхтэй таарч ялагдснаар мөнгөн медалийг хүртэж, Монголын жүдо бөхийн түүхэнд хамгийн анхны олимпын медальтан болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн. Жүдо бөхийн 71 кг-д Даваадалай Гвиней, ЗХУ, Кубын бөхчүүдийг дараалан ялж, Италийн бөхөд ялагдаж, улмаар хүрэл медалийн төлөө Францын тамирчинг буулган авснаар олимпын анхны жүдо бөхийн хүрэл медалийг эх орныхоо нэр дээр авсан юм.
Москвагийн олимпын байт харвааны эрэгтэйчүүдийн төрөлд Нямцэрэнгийн Бямбасүрэн, Цэрэндоржийн Дагвадорж нар цэц сорьж 19, 23-р байрт, эмэгтэйчүүдийн төрөлд Чагдарын Бямбасүрэн, Цэдэндоржийн Базарсүрэн нар оролцож 23, 29-р байрт эрэмблэгдсэн.
Гурав дахь олимпдоо оролцсон манай ширэн бээлийтнүүдийг төлөөлж 48 кг-д Вандуйн Баясгалан, 51 кг-д Нямаагийн Нарантуяа, 54 кг-д Цэдэнгийн Нармандах, 57-д Равсалын Отгонбаяр, 60-д Галсандоржийн Батбилэг, 63,5-д Хастын Жамган, 67 кг-д Төмөрийн Баттөр нарын 7 боксчин рингнээ гарсан ч хараахан амжилт үзүүлж чадаагүй юм.
Буудлага спортын төрөлд эрэгтэй хоёр тамирчин өрсөлдсөн. Уижиг амтай урт бууны хэвтээ буудлагын төрөлд Сангидоржийн Адилбиш 38-р байр, Мэндбаярын Жанцанхорлоо 48-р байр, жижиг амтай урт бууны, 3 байрлалд Адилбиш 27-р байрт,Жанцанхорлоо 32-р байрт шалгарсан юм.
Харин гимнастикийн төрөлд манай улсаас эмэгтэйчүүдийн олон төрөлтөд Даваасүрэнгийн Оюунтуяа, Дашзэвэгийн Ариунаа нар ур чадвараа сорьж 26, 35-р байрт жагссан.
Монголын дугуйчид Токиогийн олимпоос хойш 2 дахь олимпдоо оролцсон нь Москва 1980 байлаа. Эрэгтэй хувийн бөөн гараатай уралдаанд Лувсандагвын Жаргалсайхан, Батсүхийн Хаянхярваа, Доржпаламын Цолмон, Дашжамцын Төмөрбаатар нар хурд сорьж, барианд орж чадаагүй юм.
Хүндийг өргөлтийн төрөлд манай улсаас Адъяагийн Жүгдэрнамжил, Доржийн Энхбаатар, Дамдинсүрэнгийн Болдбаяр нарын гурван туухайчид эр бяраа шалгаснаас Жүгдэрнамжилт 8-р байр, Болдбаяр 13-р байрт шалгарсан байна..
Ийнхүү хоёр мөнгө, хоёр хүрэл медаль болон шагналт байруудын амжилтаараа Монгол улс 80 улсаас 22-р байрт эрэмблэгджээ.
1980 ОНЫ МОСКВАГИЙН ОЛИМПОД МОНГОЛЧУУД
А
Админ
12 сарын 19