MSports logo
1976 ОН МОНРЕАЛЬД МОНГОЛЧУУД
  • А
    Админ

    12 сарын 19

  • 1976 ОН МОНРЕАЛЬД МОНГОЛЧУУД

    Түүхэнд хамгийн өндөр өртөгөөр бүтсэн олимпуудын нэг бол Монреаль-76. Зуны олимпын 21 дэх тоглолтонд 92 орны 6084 тамирчин спортын 21 төрөлд 198 багц медалийн төлөө өрсөлдөхөд манай улсыг төлөөлж жүдо, чөлөөт болон сонгомол бөх, байт харваа, боксын төрөлд эрэгтэй 32, эмэгтэй 2 тамирчин оролцсон байна. Олимпын нээлтийн ёслолд Монгол улсын тугийг Зэвэгийн Ойдов өргөсөн юм.
    Монголчуудын дөрөв дэх олимпын наадамд манай чөлөөтийнхөн ард түмнийхээ итгэл найдлагыг алдсангүй. Чөлөөт бөхийн 48 кг-д Гомбын Хишигбаатар, 52 кг-д Жамсрангийн Мөнх-Очир, 57 кг-д Мэгдийн Хойлогдорж, 62 кг-д Зэвэгийн Ойдов, 68 кг-д Цэдэндамбын Нацагдорж, 74 кг-д Зэвэгийн Дүвчин, 82 кг-д Чимэдийн Гочоосүрэн, 90 кг-д Дашдоржийн Цэрэнтогтох, 100 кг-д Хорлоогийн Баянмөнх, +100 кг-д Должингийн Адьяатөмөр нар зодоглосон юм. Манай бөхчүүдээс Хишигбаяр дөрөв, Баянмөнх, Жалаа нар тав,  Хойлогдорж, Нацагдорж нар  зургаад орж шагналт байр эзэлцгээсэн. Харин 1974, 1975 оны ДАШТ-д дараалан түрүүлээд байсан Зэвэгийн Ойдовыг Монреалийн дэвжээнээс Монголчуудын олимпын анхны алтан медалийг авчирна гэсэн хүлээлт их байлаа. Дэлхийн хошой аварга эхний тойрогт АНУ-ын бөх Жин Дэвист оноогоор хожигдсоноор 1972 оны олимпын гунигт түүхээ давтсан. Гэвч цаашид Унгар, Франц, Ардчилсан Герман, Болгар,  Ираны бөхчүүдийг дараалан цэвэр ялж шилдэг гуравт үлдсэн байна.  Өмнөд Солонгосын Ян Жүн Мо Жин Дэвисийг илт давуу хожсон тул шийдвэрлэх барилдаанд манай бөх түүнийг цэвэр эсвэл онооны илт давуугаар ялбал аварга болох байлаа. Ойдов гавъяат өрсөлдөгчөө хэд хэдэн удаа хүнд байдалд оруулсан хэдий ч зөвхөн 10:8-аар оноогоор ялснаар Ян Жүн Мо Өмнөд Солонгосын олимпын анхны аварга болж, манай бөх мөнгөн медалиар энгэрээ мялаасан юм. 
     Сонгомол бөхийн төрөлд Бямбажавын Жавхлантөгс, Жамсрангийн Мөнх-Очир, Нямын Жаргалсайхан болон Жамцын Даваажав нар оролцсон ч амжилт үзүүлж чадаагүй юм.
    Манай ширэн бээлийтнүүдээс 48 кг-д Сэрдамбын Батсүх, 57-д Равсалын Отгонбаяр, 60-д Хайдавын Алтанхуяг, 63.5 кг-д Содномын Гомбо, 67-д Дамдинжавын Банди, 71-д Дашнямын Олзвой нарын 6 тамирчин хүч үзэж, шагналт байр шалгарч чадаагүй.
    Буудлагын тамирчдын хувьд дөрөв дэх олимпдоо өрсөлдсөн Түдэвийн Мягмаржав, Цэрэнжавын Өлзийбаяр нар гар бууны төрөлд 26 болон 36-р байрт, Мэндбаярын Жанцанхорлоо, Сангидоржийн Адилбиш нар жижиг калибрын урт бууны хэвтээ буудлагын төрөлд 11 болон 51-р байрт тус тус оржээ.
    Байт харвааны эмэгтэйчүүдийн өрсөлдөөнд хоёр дахь олимпдоо оролцсон Натжавын Дариймаа 22, харин Гомбосүрэнгийн Энхтайван 24-р  байр эзэллээ. Эрэгтэйчүүдийн харваанд Нямцэрэнгийн Бямбасүрэн, Цэрэндоржийн Дагвадорж 28, 32-р байрт шалгарсан байна.
    Хоёр дахь олимпдоо өрсөлдсөн жүдо бөхийн тамирчдын хувьд Монреалийн татамид 7 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, 63 кг-д Бахааваагийн Буядаа, 70-д Шагдарын Чанрав, 80-д Гандолгорын Батсүх, 93-д Дамбажавын Цэнд-Аюуш, +93-д Гүсэмийн Жалаа, үнэмлэхүй жинд Чойдогийн Гал нар зодоглож, Жалаа шагналт 5-р байр эзэлжээ. 
    Ийнхүү Ойдов гавъяатын мөнгөн медаль Монреалын олимпын наадмын цор ганц медаль болж, Монгол 92 орноос 34-р байрт эрэмблэгдсэн юм.

    1976 ОН МОНРЕАЛЬД МОНГОЛЧУУД