MSports logo
1992 ОНЫ БАРСЕЛОНЫ ОЛИМПОД МОНГОЛЧУУД
  • А
    Админ

    12 сарын 19

  • 1992 ОНЫ БАРСЕЛОНЫ ОЛИМПОД МОНГОЛЧУУД

    Хүйтэн дайн дууссанаас хойш зохиогдсон анхны олимп бол Барселона-92 бөгөөд 1972 оны зуны наадмаас хойш бойкотод өртөөгүй анхны олимп.  Мөн Олон улсын олимпийн хороо Өмнөд Африкийг наадамд эргэн урьсан анхны жил болсон. Испани улсын Барселона хотод 25 дэх удаагийн зуны тоглолтод 169 орны 9356 тамирчин 257 багц медалийн төлөө өрсөлдлөө. Манай улсыг байт харваа, бокс, буудлага, дугуйн спорт, жүдо, хөнгөн атлетик, хүндийг өргөлт, чөлөөт бөх гэсэн 8 төрөлд эрэгтэй 27, эмэгтэй 6 тамирчин төлөөлсөн байна. Олимпийн нээлтийн ёслолд Монгол улсын тугийг Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ хоёр дахь удаагаа өргөсөн юм. Монгол улс дөнгөж зах зээлд шилжиж байгаа үед олимпод оролцоно гэдэг амаргүй даваа байсан гэдэг.
    Монголчуудын долоо дахь олимпийн наадамд боксынхон медалийн буухиагаа таслаагүй. Боксын төрөлд 48 кг-ийн жинд Эрдэнэцогтын Цогтжаргал, 57 кг-д Сандагсүрэнгийн Эрдэнэбат, 63,5-д Нямаагийн Алтанхуяг, 75 кг-д Бандийн Алтангэрэл,  81-д Дамдины зул нар өрсөлдөж амжилт үзүүлж чадаагүй. Боксынхны нэр хүндийг 60 кг-ийн жинд Намжилын Баярсайхан өргөсөн. Баярсайхан эхний тойрогтоо гоц мөргөж, Гватемалын боксчинг ялж, хүрэл медалийн төлөө Танзани улсын тамирчинтай таарсан. Баярсайханы хувьд 27 настай анхны олимпдоо оролцсон бол Танзаний тамирчин 88 оны Сөүлийн олимпт оролцсон туршлагатай Африк тивийн нэг номерийн тамирчин байлаа. Манай тамирчин хүчтэй өрсөлдөгчөө буулган авч мөнгөн медалийн төлөөх тоглолтонд Кубын тамирчинтай таарч, хөмсөг задарсан шалтгаанаар тоглолт өндөрлөсөн юм. Ийнхүү Намжилын Баярсайхан Монголын боксын түүхэн дэх олимпийн хоёр дахь медалийг эх орондоо авчирсан. 
    Буудлага спортын төрөлд Бямбажавын Алтанцэцэг, Доржсүрэнгийн Мөнхбаяр нар Барселонд ур чадвараа сорьж хийн гар бууны төрөлд Мөнхбаяр 21-р байрт, Алтанцэцэг  24-р байр, 25 метрийн спорт гар бууны төрөлд Алтанцэцэг 33-р байр, Мөнхбаяр 3-р байрт эрэмблэгдэж хүрэл медаль хүртсэн. Монгол бүсгүйчүүдээс анх удаа олимпийн медальтан Барселонад төрж, Мөнхбаяр анхдагч болон түүхэнд нэрээ мөнхөлсөн төдийгүй Монголын буудлага спортын тамирчдын олимпийн анхны медалийг хүртэж, буудлагынхны нэрийг өндөрт өргөсөн юм.
    Байт харвааны төрөлд Жаргалын Отгон улсаа төлөөлөн ганцаараа цэц сорьж21-р байрт шалгарсан бол дугуйн спортын төрөлд Жамсрангийн Өлзий-Орших, Дашжамцын Мөнхбат, Дашнямын Төмөр-Очир нарын тамирчид эрэгтэй хувийн бөөн гараатай уралдаанд өрсөлдөж 79-119-р байрт шалгарсан юм. Барселоны олимпийн наадмын эрэгтэй багийн бөөн гараатай дугуйн уралдаанд Өлзий-Орших, Наран, Мөнхбат, Төмөр-Очир нарын 20 гаруй насны залуучууд өрсөлдөж Монголын баг 19-р байр эзэлсэн юм. 
    Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Дашгомбын Баттулга, 66 кг-д Дамбийнямын Маралгэрэл, Халиуны Болдбаатар 71 кг-д,  78-д  Даваасамбуугийн Доржбат, 86 кг-д Жамбалын Ганболд, 95-д Одвогийн Балжинням, +95 кг-д Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ нар зодоглож, Баттулга Португал, Их Британи, Итали улсын бөхчүүдийг ялж шагналт 7-р байр, Болдбаатар Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орны тамирчин болон Төв Африк, Канад, Алжирын бөхчүүдийг илүүрхсэнээр шагналт 7-р байрт шалгарсан бол жүдогийн бүсгүйчүүд Барселоны наадмаас эхлэн улсаа төлөөлж олимпийн дэвжээнд хүч үзсэн юм. Эмэгтэйчүүдийн 48 кг-д Хишигбатын Эрдэнэт-Од, 52 кг-д Равдангийн Дэчинмаа, 61-д Лхамаасүрэнгийн Бадамсүрэн өосөлдсөн. 
    Хүндийг өргөлтийн төрөлд 56 кг-д Наранжаргалын Батжаргал, 75 кг-д Гомбодоржийн Энэбиш нар оролцож 17,34-р байрт шалгарсан юм.
    7 дахь олимпийн наадамдаа оролцсон чөлөөт бөхийн тамирчдаас Монгол улсыг төлөөлж 48 кг-д Цэрэнбаатарын Хосбаяр, 52 кг-д Цэрэнбаатарын Энхбаяр, 57-д Цэрэнбаатарын Цогтбаяр, 74 кг-д Лодойн Энхбаяр, 82-д Нэргүйн Түмэннаст, 90 кг-д Пунцагийн Сүхбат, 100 кг-д Болдын Жавхлантөгс нар хүч үзэж, Сүхбат Иран, Болгар, Грек улсын бөхчүүдийг ялж, шагналт 4-р байр, Хосбаяр, Энхбаяр нар шагналт 8-р байрт шалгарсан юм.
    Хөнгөн атлетикчдаас марафон гүйлтийн төрөлд Пямбуугийн Туул эх орноо төлөөлөн ганцаараа оролцож, 87-р байрт эзэлсэн. 
    Ийнхүү хоёр хүрэл медалийн амжилтаар манай улс 169 орноос 52-р байрт эрэмблэгдсэн билээ. 

    1992 ОНЫ БАРСЕЛОНЫ ОЛИМПОД МОНГОЛЧУУД
    1992 ОНЫ БАРСЕЛОНЫ ОЛИМПОД МОНГОЛЧУУД