21 аймгийн бөхийн галууд хаана, хаана гарч байгаа товч жагсаалттай танилц
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн их баяр цэнгэл наадам хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байна. Энэ жил сонгуультай учраас бөхчүүд оройтон галдаа гарчээ. Нутаг нутгийн бөхчүүд галдаа хаана, хаана гарсан болоод сорилго наадмууд хэзээ болох тухай мэдээллийг хүргэж байна.
Ховд аймгийн Ховд бөхийн дэвжээнийхэн О.Хангай аварга, Б.Бат-Өлзий заан, Б.Пүрэвсайхан заан тэргүүтэй бөхчүүд энэ жил Сүүж уулын Сүүж амралтын газар бэлтгэлээ базааж байна. Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээнийхэн Төв аймгийн Баянчандмань сумын нутагт Сүүж уулын зүүн аманд байрлажээ. Р.Пүрэвдагва арслан, О.Мөнх-Эрдэнэ харцага, Б.Зоригтбаатар харцага нар дэвжээгээ тэргүүлэн бэлтгэлээ базааж байна. Увс аймгийн Увс нуур дэвжээний бөхчүүд Харзтайд галд гарчээ. Н.Батсуурь, П.Бүрэнтөгс Аваргууд галаа манлайлжээ. Өвөрхангайн хүчтэнүүд энэ жил Бугын сангийн аж ахуйд бэлтгэлээ хийж байна. Төр хурахын аманд Г.Эрхэмбаяр аваргаар ахлуулсан Г.Элбэг харцагын шавь нар бэлтгэлээ хийж байгаа аж. Говь-Алтай аймгийн хүчтэнүүд Мандал амралтад бэлтгэлээ хийж байгаа. Цонжин болдогоос хойш даваад л орчих газар аж. Завхан аймгийн бөхчүүд энэ жил Отгонтэнгэр хайрхныхаа өвөрт Завхан аймгийн Отгон суманд бэлтгэлээ базааж байна.