Бостон Селтикс багийн супер од Жэйсон Тэйтум багтайгаа таван жилийн 314 сая долларын гэрээ үзэглэлээ. Өдгөө 26 настай Тэйтум энэ жилийн аваргын цувралд Даллас Мавериксийн эсрэг 22.2 оноо, 7.8 самбар, 7.2 оновчтой дамжуулалт дунджилсан ба Бостон Селтикс багт 18 дахь удаагаагийн аваргын цомыг авч ирэхэд том үүрэг гүйцэтгэсэн билээ.
2017 онд драфтын гурав дахь сонголтоор Бостон Селтикс багт сонгогдож 7 жилийн дараа багтайгаа хамт NBA-ийн аварга цол хүртсэн тэрбээр ирэх 5 жилийн аяллаа ч мөн адил Бостон Селтикс багтай үргэлжлүүлэхээр болж байна. Тэйтум замналдаа NBA-ын бэлгэдлийн гарааны багт гурван удаа, Бүх одод тоглогчоор таван удаа, 2023 оны Бүх оддын тоглолтын үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан. 2021 оны Токиогийн олимпоос алтан медаль хүртсэн тэрбээр энэ жил Парисын олимпод АНУ-ын шигшээ багийн хамтаар дахин оролцох билээ.