“Парис-2024” Зуны олимпын ХХХIII наадмын чөлөөт бөхийн тэмцээн “Champ De Mars” түр ордонд үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 62 кгд Дэлхийн болон Ази тивийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин П. Орхон эхний даваанд ялагдлаа. Тэрээр “Токио-2020” олимпын наадмын хүрэл, дэлхийн мөнгө, хүрэлтэй Украйны Ирина Колиаденкотой учраа таарав. П.Орхон 4-0 харьцаатай тун сайн барилдаанаа эхлүүлсэн ч Ирина үлдсэн хугацаанд барилдааны санаачилгыг гартаа аван 8-4 болгон тэргүүлсэн. Улмаар оноог эцсийн мөчид 7-8 болгон ойртуулсан ч харамсалтай нь цаг дэндүү бага үлдсэн байлаа. Ийнхүү 7:8 гэсэн маш харамсалтай ялагдал хүлээв. П.Орхон цаашид дагаж барилдах эсэх нь Украйны тамирчин Ирина Колиаденкогоос хамаарахаар болж байна.
Гэрэл зургийг: Д.Нямбилэг