Сан Антонио Спөрс багт энэ жилийн драфтын нэгээр сонгогдсон Франц залуу Виктор Вэмбаньяма KIA-ийн оны шилдэг шинэ тоглогчийн өрсөлдөөнийг тэргүүлж байгаа. Өнгөрсөн хоёрдугаар сард үзүүлсэн үзүүлэлтээрээ “Сарын шилдэг шинэ тоглогч”-ийн шагналыг хоёр дахь удаагаа хүртсэн.
Он гарснаас хойш үзүүлсэн тоглолтоо үргэлжлүүлж чадвал энэ жилийн “Оны шилдэг шинэ тоглогч”-ийн шагнал хүртэх нь ойлгомжтой болсон бол давхар “Шилдэг хамгаалан тоглогч”-ийн шагналыг авч чадах уу? гэсэн цуурхал аль хэдийн гараад байна. WNBA-ын супер од, NBA-ийн аналист Кэндэйс Паркер түүнийг хэрхэн Шилдэг хамгаалан тоглогч болох боломжтой талаар ярьжээ.
20 настай залуу бүх оддын тоглолт өнгөрснөөс хойш 7 тоглолтод оролцохдоо 37 хаалт, 16 удаа бөмбөг тасалж хамгаалалтын үзүүлэлтээрээ дээгүүр явна. Шилдэг хамгаалан тоглогч хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Рүди Гоберт 22 хаалт, таван бөмбөг таслалт хийсэн байгаа нь Вэмбигийн чадамж энэ шагналыг авахад боломжтой хэмээн үзсэн байна.