"Tour de Taiwan" буюу Тайваний тур уралдаан нь 1978 оноос хойш Тайваньд жил бүр зохиогддог мэргэжлийн засмал замын дугуйн уралдаан бөгөөд 2005 оноос хойш UCI Asia Tour-ийн нэг хэсэг болж, 2012 онд анх удаа 2.1 ангилалд багтсан байна. Зохиогдож эхэлснээс хойш хамгийн олон түрүүг Австраличууд хүртсэн бол өнгөрсөн жил Малайз улсын Теренггану дугуйн багийн Нидерланд дугуйчин Жерон Майерс аваргаар тодорч байжээ.
Монгол дугуйчин С.Жамбалжамц Испаний багийн хамт гурав дахь Тур уралдаандаа өрсөлдөж байна
3 сарын 11
Энэ жилийн Тайваний тур уралдаан 3-р сарын 10-14-ний өдрүүдэд үргэлжилж байна. Уралдаанд дэлхийн 24 мэргэжлийн багийн дугуйчид хуран чуулснаас, Испанийн "Burgos BH" багт Монголын тамирчин Сайнбаярын Жамбалжамц, Тайландын "Roojai Insurance" багт Батсайханы Тэгшбаяр хурд хүч, ур чадвараа сорьж байна.
С.Жамбалжамцын хувьд Парис-2024 олимпын наадамд эрхээ авсан Монголын анхны дугуйчин болоод байгаа билээ. Өмнө нь манай дугуйчид олимпод түүхэндээ цагаан хуудсаар орж байсан бол С.Жамбалжамц нь эрхээ аван оролцохоор болсон нь Монголчуудын хувьд бахдам амжилт болж буй.
Түүний хувьд хилийн чанад дахь мэргэжлийн дугуйн замналаа Тайваний "RTS Racing Team"-ээс эхлүүлсэн учраас одоо явагдаж байгаа тур уралдаанд газарзүй, цаг агаарыг мэдэх туршлагатай юм. С.Жамбалжамц сүүлийн гурван жил Малайзын "Terengganu" дугуйн багийн эгнээнээс уралдаануудад оролцсон бол өнгөрөгч намар Испаний багтай гэрээ үзэглэж, энэ жилээс эхлэн албан ёсоор Испанийн "Burgos BH" багаас уралдаж, Монгол дугуйчин Европын багт нэрээ дуудуулж буй анхны тохиолдол болж байна. Түүний шинэ багтайгаа хийсэн анхны уралдаан АНЭУ-д 1-р сарын сүүлд болсон Шаржах Тур байв.
Тайваний Тур уралдааны эхний гараа ням гарагт Тайпей хотод 83,2 км замд явагдаж, нийт 24 багийн 120 орчим дугуйчид өрсөлдсөнөөс С.Жамбалжамцын уралдаж байгаа "Burgos BH" багаас Грек тамирчин Жиоржио Буглас 12-р байрт, Испани дугуйчин Мора Себастиан 17-р байрт, С.Жамбалжамц 26-р байр, Испани дугуйчин Родриго Алварез 32-р байр, Австрали дугуйчин Гэйт Аарон 62-р байрт орчээ.
Энэ уралдаанд оролцож буй Монголын хоёр дахь дугуйчин болох Б.Тэгшбаяр эхний гараанд 49-р байрт орсон байна. Өнөөдөр Тайваний Тур уралдааны хоёр дахь гараа Taoyuan›Jiaobanshan park хүртэл 115.5 км замд явагдаж байна. Эхний өдрийн дараа Испаний "Burgos BH" баг цахим хуудсандаа ийн нийтэлжээ.