2026 онд АНУ, Канад, Мексик улсуудад явагдах ДАШТ болон, 2027 онд Саудын Араб улсад зохион байгуулагдах Азийн Цомын тэмцээнүүдийн урьдчилсан шатны эхний тоглолт өнөөдөр Тажикистан улсын Душанбе хотод Афганистан улсын багтай 22:00 цагаас тоглоно. Урьдчилсан шатанд Афганистан улстай нийт хоёр удаа тоглох бөгөөд дараагийн тоглолт 10-р сарын 17-нд Улаанбаатар хотод 15:00 цагаас хөлбөмбөгийн төв цэнгэлдэх хүрээлэнд болох билээ. Монголын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ичиро Оцукааар ахлуулсан 23 тамирчин маань эхний тоглолтоо хийхэд бэлэн болсон байна.
Ирэх 2026 оны ДАШТ-д түүхэндээ анх удаа 48 баг оролцохоор болсон. Өмнө нь 5.5 байсан Ази тивийн оролцох орны тоо 8.5 болж нэмэгдсэн. Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн хувьд анх удаа Афганистаны багтай тоглох гэж байна. Афганистаны баг дэлхийн чансаагаар манай улсаас 25 байраар дээр жагсдаг байна. Хоёр баг өөрсдийн талбайдаа нэг нэг тоглолт хийх ёстой байсан ч Афганистанд улс төрийн нөхцөл байдал сайнгүй байгаа учраас тус улсын хөлбөмбөгийн шигшээ баг сүүлийн жилүүдэд Тажикистаны нийслэл Душанбе хотод гэртээ хүлээж авах тоглолтуудаа хийж байгаа аж.
Гэрэл зургийг: МХБХ-ны хуудсаас
Манай шигшээ багийн бүрэлдэхүүн