Өнгөрсөн амралтын өдрүүдэд ирэх зуны олимпыг зохион байгуулах Франц улсын нийслэл Парис хотноо жүдо бөхийн их дуулга тэмцээн явагдлаа. Энэхүү тэмцээнд Монгол улсаас эрэгтэй 8, эмэгтэй 10 нийт 18 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, нэг хүрэл медаль хүртсэн байна. Парисын их дуулгад 107 улсын 621 тамирчин өрсөлдөж, манай улсаас эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдсан Б.Ганхайч хүрэл медаль хүртжээ. Энэ нь түүний их дуулга тэмцээний тав дахь медаль боллоо. Гэмтлийн улмаас хэсэг хугацаанд тэмцээнүүдийг өнжөөд байсан Б.Ганхайч олимпын жилийг эрсдэлтэй эхлүүлж, 1-р сарын сүүлд болсон Португалын гранпри тэмцээнд мөрөө мулталж, тэмцээнийг өндөрлүүлсэн билээ. Харин Францад тэрбээр өнгөлөг байж, Парисын их дуулгаас медаль хүртсэн Монголоос медалийн тавцанд гарсан ганц тамирчин болов.
Парисын их дуулга тэмцээнээс Б.Ганхайч хүрэл медаль хүртлээ
Б
Бэлгүүн
2 сарын 5


Б.Ганхайч Узбекистаны Севинч Исокова, Чехийн Ренота Зачова, Косовогийн Лаура Фазлиу нарыг ялж, хэсгийн аваргын төлөө Нидерландын тамирчин Жоанне Ван Лийхоуст ялагдсан байна. Дагах барилдаанд Кубын жүдоч Маялин Карваялыг, хүрэл медалийн төлөө Японы Кирари Ямагүчи нарыг ялснаар хүрэл медалийн эзэн болсон юм.

Парисын их дуулга тэмцээнд манай улсаас шагналт байрт 2 тамирчин орсон. Эрэгтэйчүүдийн -66 кг-д Ё.Басхүү, эмэгтэйчүүдийн -48 кг-д Б.Баасанхүү нар шагналт 5-р байрт шалгарав. Манай цагаан өмсгөлтнүүдийн дараагийн хүч үзэх тэмцээн 2-р сарын 16-нд эхлэх Бакугийн их дуулга тэмцээн юм. Тэмцээнд 59 улсын 338 тамирчин мэдүүлгээ өгчээ.
