MSports logo
ХӨЛБӨМБӨГИЙН U20 НАСНЫ ШИГШЭЭ БАГУУДЫН ДАСГАЛЖУУЛАГЧ НАР ХЭВЛЭЛИЙН ХУРАЛД ОРОЛЦЛОО
  • А
    Админ

    9 сарын 12

  • ХӨЛБӨМБӨГИЙН U20 НАСНЫ ШИГШЭЭ БАГУУДЫН ДАСГАЛЖУУЛАГЧ НАР ХЭВЛЭЛИЙН ХУРАЛД ОРОЛЦЛОО

    2023 онд болох Азийн цомын 20 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд эхлээд байна. Азийн цомын тэмцээнд оролцох багуудыг тодорхойлох зорилготой урьдчилсан шатны тоглолтууд нийтдээ 10 хэсэгт хуваагдан зохион байгуулагдаж байгаа юм. А хэсгийн тоглолтууд Саудын Арабт, Б хэсгийнх Бахрейн, С хэсгийнх Лаост, D хэсгийнх Иордан улсад, Е хэсгийнх Монголд, F хэсэг Индонез, G хэсэг Оман, H хэсэг Кувейт, I хэсгийн тоглолтууд Тажикстан, J хэсэг Кыргызстанд болж байна. Монгол улсын хувьд өмнө нь насанд хүрэгчид болон U23 хүртэлх насны зэрэг Азийн хөлбөмбөгийн холбооны урьдчилсан шатны олон тоглолтуудыг удаа дараа амжилттай хүлээж авч байсныг үзэгч та бүхэн мэднэ. Үүнтэй холбоотойгоор Азийн хөлбөмбөгийн холбоо Монголын хөлбөмбөгийн холбооны өмнөх жилүүдийн тэмцээн зохион байгуулалт хангалттай сайн байсныг онцолж, зохих шаардлага хангасан гэж үзэж 1-р сард Монгол улсыг 20 хүртэлх насны Азийн цомын тэмцээний E хэсгийн тоглолтуудыг хүлээн авах орноор сонгосон юм. Тэмцээнд орж байгаа бүх холбоод тоглолтуудыг хүлээн авах хүсэлтээ илгээснийг дурьдах хэрэгтэй. Эх орондоо аливаа тэмцээн, тоглолтуудыг хүлээн авах нь талбайн давуу тал төдийгүй үзэгч, фанатуудын хувьд ч онцгой мөч болон үлддэг билээ.

    Тэмцээнд Aзийн хөлбөмбөгийн холбооны гишүүн 47 холбооноос нийт 44 баг оролцож байна. Эцсийн тэмцээнийг зохион байгуулагч Узбекистан шигшээ тэмцээнд автоматаар оролцох эрхийг авсан ч урьдчилсан шатанд оролцож байгаа юм. Манай улсын хувьд E хэсэгт БНСУ, Малайз, Шри Ланкын багтуудтай багтсан юм. Багууд эцсийн байдлаар бүгд Монгол улсад газардаад байгаа бөгөөд хамгийн эхэнд БНСУ-ын шигшээ баг ирсэн бол өнөө өглөө сүүлийн баг  Монголд ирсэн нь Шри Ланк баг байлаа. Өнөөдөр тэмцээний хэвлэлийн бага хурал болж, U20 насны дасгалжуулагчид оролцлоо.

     
    БНСУ-ын шигшээ баг Монголд ирээд эхний өдрөө л МХБХ-ны талбайд анхны бэлтгэлээ хийсэн юм. Тэдний хувьд хэсэгтэй төдийгүй энэ тэмцээний хүрээнд чансаа өндөрт нэрлэгддэг. БНСУ-ын U20 насны баг 2019 онд Украинд болсон 20 хүртэлх насны ДАШТ-д мөнгөн медаль, 2019 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд шигшээд Саудын Арабтай тоглож мөнгөн медаль хүртэж байсан юм. Хэвлэлийн бага хуралд БНСУ-ын 20 хүртэлх насны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ким Юн Жон оролцсон юм. 

    Ким Юн Жон : “Миний хувьд 20 хүртэлх насны шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон анхны олон улсын тэмцээн болох гэж байна. Манай багийн хувьд бусад багуудаас хэдэн өдрийн өмнө Монголд ирсэн. Бид Монголд ирсэн сэтгэгдэл сайн байгаа. Тамирчид маань ч сайн байна. Уур амьсгалд дасахын тулд хичээн бэлтгэлээ хангаж байгаа. Цар тахлын улмаас тэмцээнүүд дэлхий даяар тасалдаж, хойшлож байсан. Энэ онд тэмцээнүүд эргээд хэвийн зохиогдож байгаад баяртай байна. Бидэнд өрсөлдөгч багуудын тухай мэдээлэл хангалттай сайн байхгүй байгаа ч манай багийнхан өөрсдийн чадах бүхнээ дайчилж, сайн тоглохын төлөө бэлтгэлээ сайн хангаж байгаа. Одоо урьдчилсан эхний тоглолтууд дөнгөж эхлэх гэж байгаа учраас биднийг маш урт зам хүлээж байна. Эхнээсээ сайн тоглож, ирэх жил Узбекистанд болох Азийн цомын тэмцээнд шалгарч, амжилт гаргахыг зорьж байна.”

    Харин Малайз улсын хувьд 2022 оны 19 хүртэлх насны Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд  аварга болсон байна. Тэд өчигдөр буюу даваа гарагийн орой Монгол улсад ирсэн бөгөөд өнөөдөр эхний бэлтгэлдээ хамрагдах болно. Малайзын 20 хүртэлх насны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хасан Сазали Варас хэвлэлийн хуралд оролцсон юм.

    Хэсэг тус бүрт багууд төвлөрсөн талбайд нэг удаа тоглоно. Хэсгийн арван ялагч, хоёрдугаар байрт шалгарсан таван шилдэг оролцогч финалын тэмцээнд оролцох эрх авна. 20 хүртэлх насны шигшээ багийн тоглогчид өнгөрсөн оны 12-р сараас эхлэн академид хамрагдан, бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн байна. Тодруулбал, МХБХ академийн түвшинд залуу тамирчдыг сургаж эхэлсэн байна. Улмаар 19 хүртэлх насны академи байгуулагдаж, тамирчид хичээллэж эхэлжээ. Монголын шигшээ багт одоогоор 25 тамирчин дуудагдаж бэлтгэл сургуулилтаа тоглолт явагдах МХБХ-ны талбайдаа бэлтгэлээ хийгээд байна. Багийн бүрэлдэхүүнд хөлбөмбөгийн дээд лиг болон 1, 2-р лигт тоглодог залуу тоглогчид, Пушкаш академид суралцаж байсан тоглогчид багтаж байна. 

    Монголын шигшээ багийн тоглолтын хуваарь:

    09-р сарын 14-нд 
     МАЛАЙЗ -  МОНГОЛ  17:00
    09-р сарын 16-нд 
     МОНГОЛ -  БНСУ  12:30
    09-р сарын 18-нд 
     ШРИ ЛАНКА -  МОНГОЛ  17:00 
    Та бүхнийг 9-р сарын 14-өөс 18-ны өдрүүдэд МХБХ-ны талбайд хүрэлцэн ирж Монголын 20 хүртэлх насны шигшээ багийн тамирчдаа дэмжхийг уриалж байна.