MSports logo
“БАКУГИЙН ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ МОНГОЛ УЛСЫН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД
  • А
    Админ

    11 сарын 3

  • “БАКУГИЙН ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ МОНГОЛ УЛСЫН ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИД

    Дэлхийн жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг Дэлхийн цуврал тэмцээний ээлжит тэмцээн болох “Бакугийн Их Дуулга” тэмцээн эхлэхэд бэлэн болжээ. Энэхүү тэмцээн нь Азербайжан улсын Баку хотноо энэ сарын 4-өөс, 6-ны хооронд болох хуваарьтай байгаа билээ. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 61 улсын, эрэгтэй 206, эмэгтэй 160 нийт, 366 жүдоч Баку хотод эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд 14 багц медалийн төлөө өрсөлдөх болно. Монгол улсаас эрэгтэй -100кг, эмэгтэй +78кг жингүүдээс бусад жинд тамирчдаа илгээсэн байна. Эрэгтэйчүүдийн шигшээ багт -60кг жинд ОУХМ Б.Цог-Очир, -66кг жинд ОУХМ Б.Эрхэмбаяр, ОУХМ Б.Нармандах, -73кг жинд О.Уранбаяр, Л.Анхзаяа, -81кг жинд Г.Болор-Очир, Б.Эрдэнэбаяр, -90кг жинд Б.Мөнхбаяр, -100кг жинд ОУХМ Б.Гончигсүрэн нар багтсан бол эмэгтэйчүүдийн шигшээд -48кг жинд ОУХМ Б.Баасанхүү, -52кг жинд  Л.Сосорбарам, Т.Ариунзаяа, -57кг жинд Г.Мөнхтуяа, -63кг жинд С.Лхагвадулам, Д.Есүй, -70кг жинд ОУХМ Б.Ням-Эрдэнэ, Ц.Мөнгөнтуяа, -78кг жинд ОУХМ О.Хүслэн нар Монгол улсыг төлөөлөн барилдахаар Баку хотыг зорьжээ.

    Тэмцээн уламжлал ёсоор эрэгтэй, эмэгтэй бага жингүүдээс эхлэх бөгөөд өнөөдөр эрэгтэй -60кг, -66кг, эмэгтэй -48кг, 52кг, 57кг-н барилдаанууд болно. Монгол улсаас -60кг-д Б.Цог-Очир “D” хэсэгт, эхний тойрог гоц мөргөж, шөвгийн 16-д Израил улсын тамирчин Коколаев Матантай учраа таарчээ. Харин -66кг жинд Б.Нармандах "А" хэсэгт эхний барилдаанаа Казахстан улсын Киргизбаев Гусмантай хийхээр таарч, Б.Эрхэмбаяр "С" хэсэгт Швейцарийн Вайзенеггер Фрэддитэй барилдахаар таарчээ.  Эмэгтэйчүүдийн салхийг хагалаж -52кг жинд ОУХМ Л.Сосорбарам “B” хэсгийн эхний тойрогт Сербийн бөх Петрович Надездатай учраа таарсан бол -52кг нөгөө тамирчин болох Т.Ариунзаяа Кипр улсын тамирчин Асвеста Софиятай тус тус барилдах хуваарьтай байна. Мөн -48кг жинд Б.Баасанхүү, -57кг Г.Мөнхтуяа нар өнөөдөр барилдана.

     

    Э.Мандалбаяр