MSports logo
Домогт хөлбөмбөгчин Марадонагийн өмсгөл 800 мянгаас 1,2 сая долларын үнэд хүрэх бололтой
  • Т
    Төгсбаясгалан

    7 сарын 24

  • Домогт хөлбөмбөгчин Марадонагийн өмсгөл 800 мянгаас 1,2 сая долларын үнэд хүрэх бололтой

    1986 оны ДАШТ-ний хагас шигшээ тоглолтын үеэр домогт хөлбөмбөгчин Диего Марадонагийн өмсөж байсан өмсгөлийг үнэ хаялцуулан худалдахаар шийдвэрлэсэн тухай дэлхийн томоохон дуудлага худалдааны компани "Sotheby's" цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

    Уг тоглолтод Марадона хоёр гоол оруулснаар Аргентины шигшээ баг Бельгийн шигшээг 2:0 харьцаагаар хожиж, финалд шалгарсан билээ. Тоглолтын дараа Марадона, Бельгийн хаалгач Жан-Мари Пфафф нар өмсгөлөө солилцсон түүхтэй. Финалын тоглолтод Аргентинчууд Германы багийг 3:2-оор хожсоноор хоёрдахь удаагаа дэлхийн аварга болсон билээ. Тэр цагаас хойш Марадонагийн өмсгөлийг Бельгийн хаалгач хадгалсаар иржээ.

    Домогт хөлбөмбөгчин Марадонагийн өмсгөл 800 мянгаас 1,2 сая долларын үнэд хүрэх бололтой

    8 дугаар сарын 2-нд болох дуудлага худалдааны анхны үнэ нь 700 мянган доллар бөгөөд Sotheby's ордны шинжээчдийн таамаглаж байгаагаар, домогт хөлбөмбөгчний футболк 800 мянгаас 1,2 сая долларын үнэд хүрэх бололтой.

    Дашрамд дурдахад, 2022 оны 5 дугаар сард болсон Sotheby's-ийн дуудлага худалдааны явцад 1986 оны ДАШТ-ний шөвгийн наймд Англитай хийсэн тоглолтын үеэр Марадонагийн өмсөж байсан өмсгөл 9,3 сая долларын үнэ хүрчээ. Энэ нь мэргэжлийн тамирчдын хамгийн өндөр үнээр зарагдсан тохиолдол юм. Тухайн үед Марадона, Английн багийн хагас хамгаалагч Стив Хож нар өмсгөлөө солилцсон байна. Энэ тоглолтын үеэр Марадона гараараа гоол оруулж, "Бурханы мутар" хочоо авч байсан түүхтэй. 

    Домогт хөлбөмбөгчин Марадона 2020 оны 11-р сарын 25-нд 60 насандаа таалал төгссөн билээ. Олон улсын хөл бөмбөгийн холбооноос явуулсан санал асуулгын дүнгээр Марадонаг XX зууны шилдэг хөлбөмбөгчин гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.

    Домогт хөлбөмбөгчин Марадонагийн өмсгөл 800 мянгаас 1,2 сая долларын үнэд хүрэх бололтой