Брейк бүжиг буюу брейкинг Нью-Йорк хотын гудамжнаас олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагддаг асар том цэнгэлдэх хүрээлэн хүртэл үнэхээр гайхамшигтай замыг туулсан билээ. Энэхүү бүжгийн төрөл нь өнгөрсөн зууны далаад оны үед Нью-Йорк хотын Бронкс дүүрэгт үүссэн юм. Хип-хоп соёлтой салшгүй холбоотой энэ бүжиг хүнд хэцүү акробатын элементүүдтэй.
Өнгөт арьст америкчууд, пуэрторико залуусын дунд өргөн дэлгэрсэн байсан бөгөөд залуус гудамжинд баг болон хуваагдаж, халз үзэлцдэг байв. Хөвгүүдийг нь b-boys, охидыг нь b-girls хэмээн нэрлэнэ. B гэдэг нь break, өөрөөр хэлбэл зогсоц гэсэн үг. Удалгүй брейк нь гудамжны бүжгээс хөгжим, бүжиг, хүч чадал хосолсон соёлын нэгэн үзэгдэл болон хувирсан юм. Дэлхийн бүжгийн спортын холбооны гишүүн болж, 2013 онд Хятадын Тайпэйд явагдсан WDSF наадам брейк бүжгийн хувьд спортын оргилд гарах эхлэл нь болсон түүхтэй. Өсвөрийн олимпын наадам нь 2018 оноос брейкийг хөтөлбөртөө оруулсан бол 2024 оны Парисын олимпын албан ёсны хөтөлбөрт брейк багтаад байгаа билээ. Залуу насны эрч хүч, хурдыг гайхуулсан сайхан тэмцээн биднийг хүлээж байна. Дэлхийн шилдэг B-boys, B-girls нар брейкийн анхны олимпын аварга болохоор Парист тэмцэлдэх болно.