MSports logo
Чехүүд азгүй байж, Португалчууд эцсийн мөчид ялалт байгууллаа
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 19

  • Чехүүд азгүй байж, Португалчууд эцсийн мөчид ялалт байгууллаа

    Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн тоглолтууд яг одоо Герман улсад үргэлжилж байна. Өчигдөр манай цагаар шөнийн 03:00 цагаас F группт өрсөлдөж буй Португал болон Чехийн шигшээ багууд өрсөлдлөө. Өнөөдрийн тоглолтын гол онцлог нь Европын аваргын олон олон дээд амжилтыг эзэмшигч Криштиан Роналду 6 дахь удаагаа тус тэмцээнд оролцож, түүх бүтээлээ. Тоглолтын эхний хагаст хоёр баг илүү хамгаалалтад зонхилж, бага довтолсон ч Фернандесийн дамжуулалтаар Роналдо хаалга руу гайхалтай цохилт хийсэн ч Чехийн хаалгач Жиндрич Станек амжилттай хамгаалав. 

    Чехүүд мөн хэд хэдэн довтолгоо хийсэн ч эхний хагаст тор хөдлөлтгүй хуурай тэнцлээ. Хоёрдугаар үеийг Португалчууд бөмбөгийг давамгай эзэмшин, тоглолтыг өөрсдийн удирдлагатаа авч эхлүүллээ. Чехүүд нягт хамгаалж, сөрөг довтолгоог дор нь дэмжсэний хүчинд тоглолтын 62 дахь минутад Лукас Проводын хийсэн гайхалтай цохилтын ачаар 1-0 харьцаатай тэргүүлж эхэллээ. Эхний гоолоос найман минутын дараа Чехүүдэд азгүй зүйл тохиолдов. Португал тооны харьцааг тэнцүүлэхийг тулд хурдан довтолгоонд шилжиж, Нуно Мендесийн цохилтын дараа Чехүүд золгүй байдлаар өөрсдөдөө авто гоол оруулсан юм. 

    Чехүүд азгүй байж, Португалчууд эцсийн мөчид ялалт байгууллаа

    Ийнхүү тооны харьцаа тэнцсэний дараа аль аль багуудын хамгаалалт нягтарч, үндсэн цагт нэг ч гоол ороогүй ба энэ үед Чехүүд тэнцээний оноог илүү хүсч байлаа. Харин нэмэлт цагт гарч ирсэн Португалийн сэлгээний тоглогч Франсиско Консейсао тийм зүйл болохыг зөвшөөрсөнгүй. 90+2 дахь минутад Педро Нетогийн өгсөн дамжуулалтаар залуу тоглогч Франсиско Консейсао гоол оруулж, тоглолтын цаг дуусахтай зэрэгцэн Португалчууд хожил байгууллаа. Криштиан Роналду өнөөдөр гоол оруулаагүй ч Европын аваргын тэмцээнд хамгийн олон хожил байгуулсан амжилтаа улам ахиулсаар.