MSports logo
“BBOY BOJIN” МОНГОЛД БРЕЙК БҮЖГИЙН СУРГАЛТ УДИРДЛАА
  • А
    Админ

    11 сарын 1

  • “BBOY BOJIN” МОНГОЛД БРЕЙК БҮЖГИЙН СУРГАЛТ УДИРДЛАА

    Шинэ тутамд хөгжиж, олимпийн наадмын хөтөлбөрт багтаад байгаа брейк бүжгийн спорт Монголд ч хамрах хүрээгээ тэлсээр байна. ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн брейк бүжгийн тамирчин, дасгалжуулагчдын ур чадварыг ахиулах сургалт долоо хоногийн турш үргэлжиллээ. Өнөөдөр сургалтанд оролцогчид сертификатаа гардан авчээ.  Сургалтыг Дэлхийн бүжгийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, тус холбооны Брейкинг хэлтсийн тэргүүн, Тайвань улсын иргэн Bboy Bojin удирдан явуулав. Энэ эрхэм “Парис-2024” олимпын брейк бүжгийн тэмцээний зохион байгуулалтад мөн ажиллах юм. 

    Сургалтын талаар Монголын спорт брейк бүжгийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхболд “Сургалтын эхний өдрүүдэд үндсэн суурь бэлтгэл хийсэн бол дунд хэсгээс battle хэрхэн хийх вэ, бие болоод сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ зэрэг илүү гүнзгийрүүлсэн сургалтууд орсон. Харин сүүлийн өдөр олимпод мөрдөгдөх шүүлтийн систем ямар байхыг дэлгэрэнгүй заасан. Бидний мэдэж, сурах ёстой бүгдийг нэг дор заасан гэдэг утгаараа маш үр дүнтэй сургалт боллоо.  Сургалтад эхэндээ 35 хүн бүртгүүлсэн ч явцын дунд нэмэгдсээр 50 шахам хүн болжээ. Брейк бүжгийн спорт олимпын хөтөлбөрт багтсан нь Монголд эрчимтэй хөгжихөд том түлхэц болж байна” гэсэн юм. Монголын брейк бүжигчид Парисын олимп хүртэл олон улсын есөн тэмцээнд оролцохоор төлөвлөсөн байна.