MSports logo
Хятадын тамирчдын допингийн дуулианы талаар
  • Н
    Нанва

    8 сарын 2

  • Хятадын тамирчдын допингийн дуулианы талаар

    Хүн төрөлхтний эв нэгдлийг бэлгэддэг олимпын наадам Парис хотноо долоо дахь өдрөө үргэлжилж буй. Гагцхүү уг наадамд орж төрийн дууллаа эгшиглүүлэн тугаа мандуулахын тулд хурд хүчээ сойсоор тив дэлхийн хязгаараас зорин ирдэг тамирчид зөндөө. Энэ жилийн олимпын наадам анхны гэх нэлээдгүй олон тодотголыг шингээсэн гэхэд болно. Олимпын түүхэнд анх удаагаа нээлтийн ёслол цэнгэлдэх хүрээлэнд дотор бус хотын төвд болж хүйсийн тэнцвэртэй байдлыг ч мөн анх удаа тэнцүүлж чадсан наадам. Гэвч бүх зүйл төгс болдоггүйн жишээг бид Парисын наадмаас нэгэнтээ харсан билээ. Урвуугаа харсан олимпын цагариг, бороонд бохирдсон Сена мөрөн.

    Харин үүний араас шилбэ даран олны эргэлзээ, эгдүүцлийг төрүүлж буй сэдэв бол Допинг буюу сэргээш. Олимп болгоны араас татлаа болдог уг сэдэв нь дан ганц зуны олимп биш өвлийн олимпод ч мөн хамааралтай.

    Бээжин-2022 өвлийн олимпод ОХУ-ын уран гулгагч 15 хан настай Камила Валиева допинг хэрэглэсэн нь тогтоогдож, тэмцээн уралдаанд оролцох эрхээ дөрвөн жилээр хасуулсан.
    Хятадын тамирчдын допингийн дуулианы талаар

    Тэгвэл энэ жилийн зуны олимпын наадамд оролцож буй тэр дундаа Хятадын тамирчдыг тойрсон допингийн талаарх асуултууд үргэлжилсээр байгаа юм.


    7-р сарын 30-нд Нью-Йорк Таймс сонинд мэдээлснээр, Парисын олимпод оролцож буй Хятадын хоёр усанд сэлэгчээс 2022 онд хориглосон, гүйцэтгэлийг сайжруулах бодис болох анаболик стероид илэрсэн буюу эерэг гарсан гэж дурджээ. Гэсэн ч WADA (Дэлхийн допингийн эсрэг агентлаг) Хятадын эсрэг гарсан уг асуудлын дараа ямар нэг хориг арга хэмжээ авалгүйгээр тэмцээнээ үргэлжлүүлэхийг тухайн тамирчдад зөвшөөрсөн нь гол асуудал юм.
    Хятад улсын допингийн эсрэг албаныхан мэдээлэхдээ уг асуудалд холбогдсон нэр бүхий усанд сэлэлтийн тамирчдын идсэн хоол хүнс нь бохирдсоноос эерэг дүгнэлт гарсан гэж дүгнэн тамирчдад ямар ч хориг тавиагүй, тэмцээнээс хасаагүй байна.

    Энэхүү үйл явдлууд нь АНУ-ын Допингийн эсрэг агентлаг (USADA) болон Америкийн хууль тогтоогчдод WADA нь цэвэр спортын дүрэм журам тогтоож, хэрэгжүүлэх тал дээр үнэн шударга цэвэр явж байгаа эсэх дээр эргэлзээ төрүүлсэн гэж хэлж болно.

    2021 оны Токиогийн олимп болохоос хэдэн сарын өмнө Хятадын 23 усанд сэлэгчийн шинжилгээнд эерэг гарсан гэж Нью-Йорк Таймс сонинд мэдээлсэн. Гэвч Хятадын албаныхан үр дүн нь хүнсний бохирдлоос үүдэлтэй болохыг тогтоосны дараа тус тамирчид өрсөлдөх эрхээ авч шигшээ багийн 30 гишүүнээс зургаа нь медаль хүртэж, Токиод гурван алт авчээ. Эдгээр эерэг шинжилгээ гарсан тамирчдын 11 нь Парис-2024 олимпод Хятадын усан сэлэлтийн багийн бүрэлдэхүүнд багтсан байна.

    Хятадын тал үүнд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд харин ч дээрх дуулиан нь Хятад улсын допингийн эсрэг албаныхны дарамтыг нэмэгдүүлж, Хятадын усан сэлэлтийн багийн тамирчдыг Парист ирэхэд шалгах ёстой стандартаас хамаагүй илүү шинжилгээнд хамрагдуулсан гэсэн тайлбартай байгаа юм.

    Усан спортыг хариуцдаг World Aquatics-ийн мэдээлснээр нэгдүгээр сараас хойш тус багийн 31 гишүүн тус бүр дунджаар 21 удаа допингийн эсрэг янз бүрийн байгууллагуудад шинжилгээ өгсөн байна.

    Харьцуулбал Австралийн 41 усанд сэлэгч дунджаар дөрвөн удаа, АНУ-ын 46 усанд сэлэгч дунджаар зургаан удаа шинжилгээнд хамрагдсан байна. Мөн тамирчдын хоол тэжээлийн нэмэлт тэжээл, үсний шинжилгээ нь сөрөг үр дүнд хүрсэн бөгөөд нэр холбогдсон хоёр усанд сэлэгч хоёулаа туршилтын өмнөх болон дараах өдрүүдэд сөрөг байсан WADA-с мэдэгджээ. 




    Хятадын тамирчдын допингийн дуулианы талаар

    Усан спортын төрөлд чансаагаар тэргүүлэгч улс бол АНУ, Австрали. Токио-2020 оны олимпын наадамд л гэхэд Австрали улсаас эмэгтэйчүүдийн ганцаарчилсан (50м) болон багийн (4х100) төрлөөр хоёуланд нь алтан медаль хүртсэн. Гэвч орон орноос онцгойлж Хятадын тамирчдыг наадам болгонд илүү шалгадаг нь магадгүй хүчтэй өрсөлдөгчөө чангааж байгаа нэг хэрэг байж болох юм. Хятад улс одоогийн байдлаар Парис-2024 усан спортын төрөлд нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн бөгөөд 200 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд олимпын дээд амжилт тогтоосон Жан Юүфэй уг төрөлдөө хүрэл медалийг ганзагалсан ч хагас цаг хүрэхгүй хугацааны дараа багийн 4х200 метрийн чөлөөт сэлэлтийн буухиа уралдаанд АНУ болон Австралийн шигшээг хожиж уг төрөлд хоёр дахь алтан медалиа хүртсэн юм. Гэсэн ч түүний энэ ялагдалд "допингийн шинжилгээний маргаан түүнд тийм ч их нөлөөлөөгүй" гэж уралдааны дараа хэвлэл мэдээллийнхэнд хэлжээ.

    Эх сурвалж 1

    Эх сурвалж 2

    Хятадын тамирчдын допингийн дуулианы талаар