MSports logo
ПАРИС 2024 Базаа:08-р сарын 01-ны өдөр өрсөлдсөн манай тамирчдын амжилт
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 1

  • ПАРИС 2024 Базаа:08-р сарын 01-ны өдөр өрсөлдсөн манай тамирчдын амжилт

    Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг зуны олимпын наадам Парис хотноо зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Эхний өдөр Жүдо бөхийн төрлөөр ОУХМ Б.Баасанхүү мөнгөн медаль хүртэж, Монгол түмний магнайг тэнийлгэсэн. Түүнээс хойш Байт харваа, Буудлага, Усан сэлэлт, Жүдо, Дугуй, Бокс зэрэг төрлүүдээр манай тамирчид хурд хүч авахаалж самбаагаа сорин Олимп, дэлхийд үзүүлсэн амжилтуудаа ахиулсаар байна. Өнөөдөр буюу 08-р сарын 01-ны өдөр

    манай улсаас спортын дөрвөн төрөлд таван тамирчин сэц мэргэн, хурд хүч, тэсвэр тэвчээрээ гайхуулан өрсөлдлөө. 

    Байт харваа: Баатархуягийн Отгонболд


    Парис 2024” зуны XXXIII Олимпын наадмын Байт харваан эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 2023 оны Азийн наадмын аварга ОУХМ Б.Отгонболд шигшээ 16-д шалгарах эрхийн төлөө Мексикийн тамирчин Матиас Грандетай өрсөлдөж, 7:1 харьцаатайгаар ялагдал хүлээн энэ удаагийн наадмаа өндөрлүүллээ. Түүнтэй өрсөлдсөн Матиас Гранде нь дэлхийн чансаанд 17-т эрэмбэлэгддэг, 2004 онд төрсөн өсөж яваа залуу тамирчин юм. 2023 оны ДАШТ-д багаараа 9-р байрт орсон туршлагатай. Б.Отгонболдын хувьд дэлхийн чансаанд 50-т эрэмбэлэгддэг ба урьдчилсан харваанд 643 оноотойгоор 54-р байрт орсон бол Матиас Грандет 676 оноотойгоор 11-р байранд орж, учраа таарсан юм.  

    ПАРИС 2024 Базаа:08-р сарын 01-ны өдөр өрсөлдсөн манай тамирчдын амжилт

    Жүдо: Батхуягийн Гончигсүрэн -100 кг

    Эрэгтэйчүүдийн -100 кгд Хил хамгаалах Ерөнхий газрын “Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Гончигсүрэн өрсөлдлөө. Манай бөх эхний даваанд Израйлын Петер Палчиктай учраа таарч цэвэр ялагдав. Израйлын тамирчин Петер Палтчик нь 32 настай. 2020 оны Токиогийн олимпын хүрэл медальтай, 2022, 2023 оны ДАШТ-ны хошой хүрэл медаль, 2021-2024 онд зохиогдсон Гранд Сламуудад зургаан хүрэл медаль, гурван мөнгөн медаль хүртсэн туршлагатай тамирчин юм. Ийнхүү анхны олимпын наадамдаа оролцсон Б.Гончигсүрэн тэмцээнээ өндөрлүүллээ. 

    ПАРИС 2024 Базаа:08-р сарын 01-ны өдөр өрсөлдсөн манай тамирчдын амжилт

    Жүдо: Отгонбаярын Хүслэн -78 кг

    Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд анх удаа олимпын наадамд зодоглож буй ОУХМ Отгонбаярын Хүслэн эхний шатанд 2021 оны Антальяагийн Гранд Сламын хүрэл медальт Эквадор улсын тамирчин Ванесса Чалаг буулган авч шигшээ 16-д шалгарсан. Шигшээ 8-д шалгарах эрхийн төлөө тэмцээний D хэсгийг тэргүүлэгч, өмнөх олимпын хүрэл медальт, 2023 оны Дэлхийн аварга Израйлын тамирчин Инбар Ланиртай учраа таарч барилдав. Барилдааны эхнээс санаачилгатай, тэнцүү үзсэн ч төгсгөл хэсэгт Ланирын тохох мэхэнд вазари алдаж, улмаар даралтад орон 10 секунд гарч чадалгүй байсаар цэвэр ялагдлаа. Ийнхүү 19 настай ОУХМ О.Хүслэн анхны олимподоо оролцохдоо шигшээ 16-аас тэмцээнээ өндөрлүүлж байна.

    ПАРИС 2024 Базаа:08-р сарын 01-ны өдөр өрсөлдсөн манай тамирчдын амжилт

    Буудлага: Оюунбатын Есүгэн

    Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Сербийн Гранпри тэмцээний хүрэл медальт ОУХМ О.Есүгэн өнөөдөр 50м-ын урт бууны гурван байрлалаас буудах дасгалд өрсөлдөж медалийн төлөөх өрсөлдөөн шалгарлаа. Тэрбээр 50м-ын урт бууны урьдчилсан шатанд дэлхийн шилдэг 32 тамирчинтай өрсөлдөж, 589 оноо цуглуулж 4-р байраар шалгарснаар финалын шатанд медалийн төлөө сэц мэргэнээ сорихоор боллоо. Энэхүү амжилт нь Монгол улсын 50м-ын урт бууны төрөлд Монгол улсын цоо шинэ амжилт болж байна.

    Өмнө нь буудлага спортын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны дасгалын төрөлд 44 тамирчин өрсөлдсөнөөс манай тамирчин О.Есүгэн 627.6 оноогоор 18-р байрт шалгарсан. Тэгвэл маргааш 50м-ын урт бууны гурван байрлалаас буудах дасгалд медалийн төлөө 15:30 цагаас өрсөлдөхөөр болж байна. Урьдчилсан шатанд түүний дээр АНУ, БНХАУ, Швецарийн тамирчид бичигджээ. 


    ПАРИС 2024 Базаа:08-р сарын 01-ны өдөр өрсөлдсөн манай тамирчдын амжилт

    Бокс: М.Энхжаргал

    Парисын олимпод Монголын эмэгтэй боксчдын түүхэнд ОУХМ М.Энхжаргал Олимпын тавцанд ялалт байгуулж, цоо шинэ хуудас нээсэн. Тэрбээр өнөөдөр медалийн төлөө хариуцлагатай тулааныг Туркийн тамирчинтай хийлээ.

    -54кг жинд тулалдаж буй Дэлхийн цомын аварга, U22 насны Ази тивийн аварга, дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ М.Энхжаргалын хувьд эхний учраа болох дэлхийн аваргын мөнгөн медальт Италийн боксчин Сирин Чараабитаг шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялж монголын эмэгтэй боксчдын олимпын наадмын анхны ялалтыг авсан.

    Шөвгийн 16-д 2022 оны ДАШТ-ий мөнгө, энэ оны Европын аваргын мөнгөн медальт Румын улсын Ленута Лекрамиоараг буулган авч олимпын медалийн төлөө тулалдах эрхтэй болсон билээ. М.Энхжаргал нь 2023 оны ДАШТ-ны хүрэл медаль хүртэж дэлхийн боксчин гэдгээ батлан харуулсан.

    Өнөөдөр медалийн төлөөх шийдвэрлэх тууланд Туркийн боксчин Акбас Хатистэй тулалдлаа. Эхний үеэс эсрэг тамирчиндаа боломж олгож, довтлох орон зайг үүсгэсээр гурван үеийн дараа шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялагдал хүлээлээ. Акбас Хатис нь 2022 оны Истанбулд болсон ДАШТ-ий аварга, 2023 оны Европын АШТ-ий хүрэл медальтай, өдгөө 23 настай залуу тамирчин байлаа. Гэхдээ ОУХМ М.Энхжаргал Олимпын наадамд манай эмэгтэй боксчдын үзүүлж байгаагүй амжилтыг хоёр дахин нугалж, цаашид боломж байгаа гэдгийг өөрийн биеэр нотлон харууллаа.

     


    ПАРИС 2024 Базаа:08-р сарын 01-ны өдөр өрсөлдсөн манай тамирчдын амжилт