MSports logo
САУДЫН АРАБ 2029 ОНД БОЛОХ АЗИЙН ӨВЛИЙН НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭРХИЙГ АВЛАА
  • А
    Админ

    10 сарын 3

  • САУДЫН АРАБ 2029 ОНД БОЛОХ АЗИЙН ӨВЛИЙН НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭРХИЙГ АВЛАА

    Саудын Араб мягмар гарагт 2029 оны Азийн өвлийн наадмыг Персийн булангийн Арабын улсын уулын амралтын газарт зохион байгуулах тендерт ялснаа мэдэгдлээ. Энэхүү төсөл нь 500 тэрбум долларын хөрөнгө оруулалттай томоохон төсөл аж. Азийн өвлийн наадам нь Неом хотын Троженад болох бөгөөд 2026 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй уулын амралтын газар зохион байгуулахаар төлөвлөжээ. Сарават уулсаар хүрээлэгдсэн энэ бүс нутагт агаарын температур илүү сэрүүн байдаг бөгөөд энэ нь өвлийн спортоор хичээллэх боломжыг олгоно гэж үзэж байна.  Зохион байгуулагчид хэлэхдээ, Троженад цөлийн зүрхэнд өвлийн уур амьсгалыг бий болгоход тохиромжтой дэд бүтэцтэй байх болно гэжээ.  Аялал жуулчлалын төв нь Персийн булангийн анхны цанын бааз болох хүний гараар бүтээгдсэн цэнгэг устай нууртай бөгөөд сэргээгдэх эрчим хүчээр ажиллахаар төлөвлөж байна.

    Ууланд байгалийн цас орох боловч зарим хиймэл цас бас хэрэглэнэ. Энэ нь Саудын Арабын спортод оролцох оролцоогоо нэмэгдүүлэхийн тулд зохион байгуулж буй хамгийн сүүлийн арга хэмжээ бөгөөд хүний эрхийн асуудлаар шүүмжлэл гарсны дараа тус улс нэр хүндээ өсгөхийн тулд спортыг ашиглаж байна гэж буруутгахад хүргэж байна. Наймдугаар сард Британийн боксчин Энтони Жошуа Жедда хотод Александр Усиктай тулалдсан. Саудын Арабт өвлийн спортын арга хэмжээг зохион байгуулах шийдвэр гаргасан нь мөн л шүүмжлэл дагуулсан. Лофборогийн их сургуулийн Спорт экологийн группын ажилтан Мадлен Орр BBC Sport-д хэлэхдээ: "Бизнесийн үүднээс авч үзвэл шинэ зах зээлд очиж, тэнд өвлийн спортыг хөгжүүлэхийг хичээх нь бүрэн утга учиртай. Гэхдээ эдгээр өсөлтийн зорилтууд нь байгаль орчны зорилтуудтай зөрчилдөж байна. Саудын Арабт өвлийн спортын арга хэмжээ тогтвортой байх хувилбар байхгүй, учир нь энэ нь асар их ус, эрчим хүчний нөөц, биеийн тамирын талбай зэрэг наадамд асар их зүйл шаардагддаг. Халуун бүс нутагт өвлийн спортыг зохиохын тулд хүний хүчээр хэт их зүйл хийх шаардлагатай гэжээ.

    Неом дахь уулын амралтын газрын төсөл нь угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы вант улсын 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөний дагуу газрын тосноос хамааралтай байдлыг бууруулж, спортыг хөгжүүлэх замаар эдийн засгийг өөрчлөх хамгийн амбицтай төсөл юм. Улаан тэнгист орших 26,500 хавтгай дөрвөлжин км өндөр технологийн бүтээн байгуулалт болох Neom нь нүүрстөрөгчгүй "The Line" хот, түүнчлэн үйлдвэрлэл, ложистикийн бүсүүдийг багтаах юм байна.

    Н.Бэлгүүн