MSports logo
2012 ОН ЛОНДОН ОЛИМПОД МОНГОЛЧУУД
  • А
    Админ

    12 сарын 19

  • 2012 ОН ЛОНДОН ОЛИМПОД МОНГОЛЧУУД

    Зуны олимпын 30 дахь наадам 2012 онд Лондон хотноо зохиогдсон бөгөөд  Англи улс олимпыг 3 дахь удаагаа зохион байгуулсан анхны улс болсон юм. Анх 1908 онд Лондончууд анхны олимпоо хүлээн авч байлаа. 2012 оны Лондоны олимпод 204 орны 10768 тамирчин 302 багц медалийн төлөө өрсөлдөхөд Монгол улсыг төлөөлж байт харваа, бокс, буудлага, жүдо, усанд сэлэлт, хөнгөн атлетикийн төрөлд эрэгтэй 16, эмэгтэй 13 тамирчин оролцсон. Олимпын нээлтийн ёслолд Монгол улсын тугийг Бат-Очиын Сэр-Од өргөсөн юм.
    Лондонгийн олимпын жүдо бөхийн төрөлд -66 кг-д Даваадоржийн Төмөрхүлэг, Хашбаатарын Цагаанбаатар, -73 кг-д Сайнжаргалын Ням-Очир, -100 кг-д Найдангийн Түвшинбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д Мөнхбатын Уранцэцэг, -52 кг-д Мөнхбаатарын Бундмаа, Доржсүрэнгийн Сумьъяа, -63 кг-д Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа, -78 кг-д Пүрэвжаргалын Лх амдэгд нар өрсөлдөж 73 кг-д хүч үзсэн Ням-Очир Герман, Украйны бөхчүүдийг ялж, хэсгийн аваргын төлөө Оросын бөхд ялагдаж, дагах барилдаанд Америк, Нидерландын бөхчүүдийг илүүрхэж хүрэл медалийн эзэн болсон. Хоёр дахь олимпдоо зодоглосон Ням-Очир 26 насандаа олимпын медальтан болж, жүдочдын медалийн буухиаг үргэлжлүүлсэн. Мөнтүүнэчлэн, Бээжингийн олимпод алтан медаль хүртэж байсан Түвшинбаяр Лондонд шигшээ барилдаанд дахин шалгарч, мөнгөн медалийн эзэн болсон юм. -100 кг-д нийт 30 бөх зодоглож,  хоёр дахь олимпдоо оролцсон Түвшинбаяр Тайланд, Франц, Узбекистаны бөхчүүдийг дараалан ялж, хагас шигшээ бариладанд БНСУ-ын бөхтэй барилдсан. Энэхүү барилдаанд тэрбээр бэртэлтэй оролцсон ч, өөрийн чадвар, тэсвэр тэвчээрийг үзүүлж барилдсаар нэмэлт цагт үнэлгээ авч, ялалт байгуулж чадсан. Улмаар аваргын төлөө тэрбээр ОХУ-ын бөх  Тагир Хайбулаевтай учраа таарч бэртэлийн улмаас өөрийгөө бүрэн дайчилж чадалгүй мөнгөн медаль хүртсэн. Ийнхүү Түвшинбаяр Монголын анхны олимпын алт, мөнгөн медальт тамирчин болсон.
    Анхны олимпын медалийг эх орондоо авчирсан чөлөөт бөхийн төрөлд Лондонд эрэгтэйчүүдийн 55 кг-д Баяраагийн Наранбаатар, -74 кг-д Пүрэвжавын Өнөрбат, -84-д Оргодолын Үйтүмэн, -120 кг-д Жаргалсайханы Чулуунбат, эмэгтэйчүүдийн -48 кг-д Даваасүхийн Отгонцэцэг, -55 кг-д Сүндэвийн Бямбацэрэн, -63 кг-д Соронзонболдын Батцэцэг, -72 кг-д Очирбатын Бурмаа нар зодоглосон. 2010 оны Москвагийн дэлхийн аваргын алтан медаль, Азийн аваргын мөнгөн медалийг хүртээд байсан Батцэцэг 63 кг-д эхний тойрогтоо гоц мөргөж, Төв Африкийн Бүгд найрамдах улс, Латвийн бөхчүүдийг ялснаар хагас шигшээд шалгарч, шийдвэрлэх барилдаанд Японы бөхөд ялагдснаар хүрэл медалийн төлөө Канадын Мартин Дугреньег ялж 22 насандаа олимпын медальтан болсон.

     
    Монголчуудын 12 дахь олимпын наадамд боксын төрөлд 49 кг-д Пүрэвдоржийн Сэрдамба, 52 кг-д Нямбаярын Төгсцогт, 64 кг-д Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ, 69 кг-д Бямбын Түвшинбат нар өрсөлдсөн. 64 кг-ийн жинд өрсөлдсөн Мөнх-Эрдэнэ гурав дахь олимпын наадмаасаа хүрэл медаль хүртсэн. Тэрбээр Чех, Маврики, Их Британий боксчдыг ялж, Украйны боксчинд ялагдсанаар хүрэл медалийн эзэн болсон. Мөнх-Эрдэнэ 30 насандаа гурав дахь олимпын наадамдаа өөрийгөө ийнхүү батлан харууллаа. Үүнээс хоёр хоногийн дараа боксын төрөлд Төгсцөгт мөнгөн медалийг хүртэж, элэг нэгтнүүдийнхээ магнайг тэнийлгэсэн. 52 кг-д оролцсон Төгсцогт Азарбежайн, Итали, Узбекистан, ОХУ-ыг тамирчдыг дараалан ялж, шийдвэрлэх тоглолтод Кубын боксчин Робейси Рамирест ялагдаж, мөнгөн медалийн эзэн болсон. 20 насандаа анхны олимпдоо оролцсон Төгсцогт ширэн бээлийтнүүдийн медалийн буухиаг таслалгүй, олимпын наадмын боксын хоёр дахь мөнгөн медалийг эх орондоо авчирсан юм. 

     
    Буудлага спортын төрөлд 5 дахь олимпын наадамдаа Отрядын Гүндэгмаа 25 метрийн гар бууны дасгалд оролцсон бол 1988 оноос хойш эрэгтэй буудлагын тамирчин олимпод оролцоогүй байсан замыг  Нянтайн Баяраа үргэлжлүүлж, эрэгтэйчүүдийн 50 м-ийн урт гар бууны гурван байрлалт дасгал болон 50 м-ийн урт гар бууны хэвтээ дасгал, эрэгтэйчүүдийн 10 м-ийн хийн урт бууны дасгалд эх орноо төлөөлөн өрсөлдсөн юм. 
    Лондонгийн хөнгөн атлетикийн марафон гүйлтийн төрөлд Бат-Очирын Сэр-Од, Лувсанлхүндэгийн Отгонбаяр нар оролцсон бол усанд сэлэлтийн төрөлд Андрейн Тамир, Гантөмөрийн Оюунгэрэл нар ур чадвараа сорьж, байт харвааны төрөлд Бишиндээгийн Урантунгалаг, Жанцангийн Гантөгс нар цэц сорьсон юм.
    Ийнхүү хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар Монголчууд Лондон-2012 зуны 30 дахь олимпын наадамд 204 улсаас 56-р байрт эрэмблэгдсэн.

    2012 ОН ЛОНДОН ОЛИМПОД МОНГОЛЧУУД
    2012 ОН ЛОНДОН ОЛИМПОД МОНГОЛЧУУД
    2012 ОН ЛОНДОН ОЛИМПОД МОНГОЛЧУУД