MSports logo
2004 ОН АФИНЫ ОЛИМПОД МОНГОЛЧУУД
  • А
    Админ

    12 сарын 19

  • 2004 ОН АФИНЫ ОЛИМПОД МОНГОЛЧУУД

    Монголчуудын оролцсон 10 дахь удаагийн олимп бол Афин-2004. Зуны 28 дахь тоглолтод 201 улсын 10625 тамирчин 301 багц медалийн төлөө өрсөлдөхөд манай улсыг төлөөлж бокс, буудлага, жүдо, усанд сэлэлт, хөнгөн атлетик, хүндийг өргөлт, чөлөөт бөхийн төрөлд эрэгтэй 13, эмэгтэй 7 тамирчин оролцсон. Олимпын нээлтийн ёслолд Монгол улсын тугийг жүдо бөхийн тамирчин Дамдинсүрэнгийн Нямхүү өргөсөн юм.

    Цагаан өмсгөлтнүүд Грект Монгол улсын нэр хүндийг өргөж, Хашбаатарын Цагаанбаатар жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн. Жүдогийн эрэгтэйчүүдийн 60 кг-д Цагаанбаатар Энэтхэг, АНУ, БНСУ-ын бөхчүүдийг ялж, хагас шигшээд Японы Номүра Тадахирод ялагдаж, хүрэл медалийн төлөө Испаний бөхийг ялснаар медалийн тавцанд гарч, нутаг нэгтнүүддээ бэлэг барисан. Энэхүү медаль нь Монголчуудын жүдо бөхийн олимпын 4 дэх медаль, 3 дахь хүрэл медаль болон тэмдэглэгдсэн. Жүдо бөхийн тамирчдаас Афины олимпод 60-д Цагаанбаатар, 66 кг-д Гантөмөрийн Дашдаваа, 73-д Дамдины Сүлдбаяр, 81 кг-д Дамдинсүрэнгийн Нямхүү, 90-д Цэнд-Аюушийн Очирбат, 100 кг-д Батжаргалын Одхүү, эмэгтэйчүүдийн 57 кг-д Хишигбатын Эрдэнэт-Од, +78 кг-д Эрдэнэ-Очирын Долгормаа нар хүч үзсэн. 

     
    Боксын төрөлд Афинд цор ганц тамирчин өрсөлдсөн нь Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ байсан бол буудлага спортын төрөлд мөн нэг тамирчин оролцсон юм. Отрядын Гүндэгмаа 25 м-ийн спорт гар бууны төрөлд 6, 10 м-ийн хийн гар бууны төрөлд 16-р байрт шалгарсан.
    Усанд сэлэлтийн төрөлд Андрейн Тамир Монгол улсаа төлөөлөн ур чадвараа сорисон бол хүндийг өргөлтийн төрөлд Намхайдоржийн Баярмаа 58 кг-ийн жинд өрсөлдөж 14-р байр эзэлсэн юм. Хөнгөн атлетикийн марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн Ангилалд Бат-Очирын Сэр-Од 23 насандаа оролцож 75-р байр, эмэгтэйчүүдийн ангилалд Лувсанлхүндэгийн Отгонбаяр 66-р байрт эрэмбэлэгдлээ.
    28 дахь удаагийн зуны олимпод чөлөөтийнхнөөс 55 кг-д Баяраагийн Наранбаатар, 60-д Оюунбилэгийн Пүрэвбаатар, 96-д Түвшинтөрийн Энхтуяа, 120 кг-д Гэлэгжамцын Өсөхбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д Цогтбазарын Энхжаргал, 72 кг-д Очирбатын Бурмаа нар хүч үзсэн. 
    Ийнхүү анхны орчин үеийн олимпын наадам Грект зохиогдсоноос хойш 108 жилийн дараа олимпын тамирчид эргэн Афин хуран чуулахад Монголчууд 201 улсаас 71-р байранд шалгарсан билээ.

    2004 ОН АФИНЫ ОЛИМПОД МОНГОЛЧУУД