MSports logo
ОУХМ М.Энхжаргал: Надад итгэл хүлээлгэн дэмжиж байсан Монголынхоо ард түмнээс уучлал хүсэж байна
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 3

  • ОУХМ М.Энхжаргал: Надад итгэл хүлээлгэн дэмжиж байсан Монголынхоо ард түмнээс уучлал хүсэж байна

    Парисын олимпод Монголын эмэгтэй боксчдын түүхэнд ОУХМ М.Энхжаргал Олимпын тавцанд ялалт байгуулж, цоо шинэ хуудас нээсэн. Тэрбээр эхний тулаандаа Италийн боксчин Сирин Чараабитаг шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр буулган авсан. Шөвгийн 16-д 2022 оны ДАШТ-ий мөнгө, энэ оны европын аваргын мөнгөн медальт Румын улсын Ленута Лекрамиоараг буулган авч олимпын медалийн төлөө тулалдах эрхтэй болсон билээ. Харамсалтай нь медалийн төлөө Туркийн боксчин Акбас Хатистэй тулалдаж, ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүлсэн. Парисын наадмаа өндөрлүүлсэн М.Энхжаргал өөрийн цахим хуудаснаа Монголчуудаас уучлал хүсэж, цаашдаа улам бүр хичээнэ гэдгээ илэрхийлжээ.


    М.Энхжаргал:

    Миний бие Мөнгөнцэцэг овогтой Энхжаргал нь 2011 оноос эхлэн өнөөдрийг хүртэл боксын спортоор хичээллэж ирсэн бөгөөд энэхүү спорт нь миний хувьд амьдралын минь салшгүй нэг хэсэг юм. Энэ олон жилийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийнхээ үр дүнд хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон Олимпын наадамд анх удаа оролцож Монголынхоо ард түмний итгэл найдвар, дэмжлэгт, шантралгүй хичээн зүтгэж, өөрт байгаа бүхий л нөөц боломжоо дайчлан, Олимпын алтан медалийг эх орондоо авч ирнэ гэсэн хүсэл зорилго тээж байсан билээ. Олимпын их наадамд маш хүнд 2 тулаанд ялалт байгуулж медалийн босгон дээр харамсалтайгаар тэмцээнээ өндөрлүүллээ.
    Энэ ялагдал маань надад ихийг ойлгуулж, ухаарууллаа. Би улам шаргуу зүтгэж бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлж та бүхнийхээ итгэлийг алдахгүй ээ!
    Надад итгэл хүлээлгэн дэмжиж байсан Монголынхоо ард түмнээс уучлал хүсэж байна…
    Монголын минь ард түмэн, МБХ-ны удирдлагууд, шигшээ багийн хамт олон, Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний 065-р анги, Монгол од ХХК болон гэр бүл ах дүү нартаа дахин дахин баярлалаа гэж хэлмээр.
    Монгол гэсэг нэрэн доор нэг зорилго тээн оролцож буй нийт баг, тамирчдадаа алтан соёмбот төрийн далбаагаа олонтоо мандуулахыг хүсье!
    МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ 🇲🇳🇲🇳🇲🇳

    Хэмээн нийтэлсэн байна.

    ОУХМ М.Энхжаргал: Надад итгэл хүлээлгэн дэмжиж байсан Монголынхоо ард түмнээс уучлал хүсэж байна