MSports logo
Милан Кортинагийн паралимпын наадамд Уранчимэгийн Бат-Оюун өрсөлдөж байна
  • П
    Пүрэвлхагва

    3 сарын 11

  • Милан Кортинагийн паралимпын наадамд Уранчимэгийн Бат-Оюун өрсөлдөж байна

    Уранчимэгийн Бат-Оюун бол хүнд сорилтыг даван туулж, дэлхийн спортын тайзанд гарч чадсан гайхалтай эмэгтэй тамирчин юм. Тэрээр тэргэнцэртэй кёрлингийн төрлөөр АНУ-ын шигшээ багийн тамирчин болж, паралимпын наадамд хоёр дахь удаагаа оролцож байна. Милан Кортина паралимпын тэргэнцэртэй кёрлингийн холимог төрөлд АНУ-ын шигшээ баг хэсэгтээ 2 хожил, 4 хожигдолтой 6-р байрт бичигдэж байна.

    Уранчимэгийн Бат-Оюуны талаар та бүхэнд танилцуулж байна.

    Милан Кортинагийн паралимпын наадамд Уранчимэгийн Бат-Оюун өрсөлдөж байна

    Уранчимэгийн Бат-Оюун Улаанбаатар хотод төрж өссөн бөгөөд 2000 онд АНУ-д зочлох үеэрээ автомашины ноцтой осолд орж, нурууны гэмтлийн улмаас бэлхүүснээс доош саажилттай болжээ. Энэ осол түүний амьдралыг эрс өөрчилсөн ч тэр бууж өгсөнгүй. Хүнд хэцүү үеийг даван туулж, улмаар АНУ-д амьдралаа шинээр эхлүүлсэн. Бат-Оюун 43 насандаа анх удаа тэргэнцэртэй кёрлингийн спортыг туршиж үзсэн байна. Анх сонирхлоороо эхэлсэн энэ спорт түүнийг богино хугацаанд мэргэжлийн түвшинд хүргэж, АНУ-ын үндэсний шигшээ багийн тамирчин болоход хүргэсэн юм. 2018 онд тэрээр АНУ-ын үндэсний шигшээ багт багтаж, олон улсын тэмцээнүүдэд оролцож эхэлжээ.

    Уранчимэгийн Бат-Оюуны спортын замналд дараах амжилтууд багтдаг.

    Милан Кортинагийн паралимпын наадамд Уранчимэгийн Бат-Оюун өрсөлдөж байна
    • 2021 – Дэлхийн тэргэнцэртэй кёрлингийн “B” ангиллын аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртсэн.
    • 2022 – Beijing 2022 Winter Paralympics наадамд оролцож, АНУ-ын баг 5-р байр эзэлсэн.
    • 2024 – Дэлхийн хосын ангиллын аварга шалгаруулах тэмцээнд хэсгийн шатанд 6:0 амжилттай тоглосон.
    • 2026 – Milano Cortina 2026 Winter Paralympics наадамд оролцож байна.

    Түүний зорилго нь зөвхөн спортод амжилт гаргах бус, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдрах орчныг сайжруулахад хувь нэмэр оруулах явдал юм. У.Бат-Оюун эх орондоо маш их хайртай гэдгээ үргэлж илэрхийлдэг бөгөөд тэрбээр Монголд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдрах орчин, хүртээмжийн асуудлыг сайжруулахад хувь нэмэр оруулах хүсэлтэй гэдгээ ч мөн хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагадаа дурьддаг аж.