MSports logo
ЕВРОПЫН ТУЯЛЗУУР СЭЛЭМНИЙ ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ГУРВАН ХҮН НЭР ДЭВШЖЭЭ
  • А
    Админ

    9 сарын 14

  • ЕВРОПЫН ТУЯЛЗУУР СЭЛЭМНИЙ ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ТӨЛӨӨ ГУРВАН ХҮН НЭР ДЭВШЖЭЭ

    ОХУ-ын Украинд түрэмгийлсний дараа 5-р сард Европын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч, Орос улсын эрхэм Поздняковыг үүрэгт ажлаас нь огцруулсан. Энэ хугацаанд түүнийг орлож Польшийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Яцек Слупски тус холбоог удирдаж байна.  Европын туялзуур сэлэлмний холбооны гүйцэтгэх хороо Поздняковт итгэл үзүүлэхгүй гэсэн санал хураалт явуулж, 6-р сард болсон Онц их хурлаар түүнийг ажлаас нь татан буулгасан.

    Харин энэ удаад Николай Матеев, Жоржио Скарсо, Паскаль Теш нар Оросын Олимпийн Хорооны ерөнхийлөгч Станислав Поздняковыг орлож, Европын туялзуур сэлэмний холбооны тэргүүнээр сонгогдохын төлөө нэр дэвшин ажиллаж байна. Матеевын хувьд Исландын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч төдийгүй Европын туялзуур сэлэмний холбооны дэд ерөнхийлөгчийн үүргийг хашдаг. Матеев 1991 онд Исланд руу нүүхээсээ өмнө Болгарын шигшээ багт тамирчин байсан бөгөөд энэ спортод дурлагсдын тоог нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан хүн гэж үздэг юм. Матеев нь Олон улсын туялзуур сэлэмний холбооны сурталчилгаа, харилцаа холбоо, маркетингийн комиссын ерөнхийлөгч бөгөөд 2016 оноос хойш Европын туялзуур сэлэмний холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Харин ноён Скарсо Италийн туялзуур сэлэмний холбооны хүндэт ерөнхийлөгч бол Паскаль Теш нь 2010-2021 онд Люксембургийн Үндэсний холбооны ерөнхийлөгч, 2013-2016 онд Гүйцэтгэх хорооны гишүүнээр ажиллаж байсан бөгөөд Олон улсын туялзуур сэлэмний холбооны Гүйцэтгэх хорооны гишүүнээр мөн ажиллаж байсан юм. Холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид энэ сарыг дуустал нэр дэвших өргөдлөө өгөх ёстой бөгөөд сонгууль 10-р сарын 1-нд Польшийн нийслэл Варшавт болно.