Дэлхийн сагсан бөмбөгийн холбооны эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний B хэсгийн тоглолтууд энэ сарын 13-ны өдрөөс эхлэн Тайланд улсын Бангкок хотноо үргэлжилж байна. Манай эмэгтэй шигшээ багийн хувьд анх удаа FIBA-аас зохион байгуулж буй албан ёсны эрхийн тэмцээнд оролцож байгааг онцлууштай. Уг тэмцээнд нийт найман улсын баг тамирчид оролцсоноос манай шигшээ багийн хувьд хэсэгтээ Индонез, Иран, Малайз улсын шигшээ багуудтай оноолт таарсан.
Эхний тоглолт наймдугаар сарын 13-ны ням гарагт 11:00 цагаас Ким Пиеррэ-Луиз-ээр ахлуулсан Индонез улсын шигшээ багийн эсрэг хийж 69:52 онооны харьцаатай ялагдал хүлээсэн. Уг тоглолтод Б.Ариунцэцэг 9 оноо, 8 самбараар багаа тэргүүлж О.Хулан 8 оноо 8 самбараар багтаа туслалцаа үзүүлсэн ч багаараа ердөө 9 оновчтой дамжуулалт 19 бөмбөг алдалт хийсэн нь уг тэмцээний тэргүүн байрт эрэмбэлэгдэж буй Индонезийн шигшээ багт хожигдох хангалттай шалтгаан болов.