Олимпын наадмын усанд сэлэлтийн сүүлчийн тэмцээн өчигдөр явагдаж дууслаа. Эрэгтэйчүүдийн 4х100 метрийн холимог буухиа төрөлд 1984 оноос хойш тасралтгүй олимпод аваргалсан АНУ-ын шигшээг Пан Жанлэ тэргүүтэй БНХАУ-ын тамирчид буулгаж авчээ.
БНХАУ-ын тамирчин Сюй Жяюй, Цинь Хайян, Сун Жяжун, Пан Жанлэ нар тус төрөлд 3:27.46 секундийн амжилтаар барианд орж, алтан медаль хүртлээ.
Америкийн Нэгдсэн Улс Райан Мерфи, Ник Финк, Кэлеб Дрессел, Хантер Армстронг нар тэдний араас 3:28.01 секундэд барианд орж мөнгөн медаль хүртэв. Тэдний араас Францын шигшээ багийн Йоханн Ндойе-Броуард, Леон Маршан, Максим Гроуссет, Флорен Манауду нар 3:28.38 амжилтаар хүрэл медаль хүртлээ.