MSports logo
2023 оны Сагсан Бөмбөгийн ДАШТ-ий талаар А-Я үсгэнд
  • А
    Админ

    8 сарын 24

  • 2023 оны Сагсан Бөмбөгийн ДАШТ-ий талаар А-Я үсгэнд

    Олон улсын Сагсан бөмбөгийн холбооноос 4 жил тутам зохион байгуулдаг ДАШТ наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 10-ны өдөр хүртэл түүхэндээ анх удаа олон газар буюу Япон, Индонез, Филиппин зэрэг улсуудад зохиогдоно. Энэ жилийн тэмцээнд тив бүрээс шалгарсан шилдэг 32 улсын шигшээ найман хэсэгт хуваагдан өрсөлдөхөөр болсон билээ.

    А бол АНУ-ын шигшээ

    2019 оны ДАШТ-д залуучуудаар бүрдсэн АНУ-ын шигшээ долоодугаар байрт жагсаж 1992 оноос хойш оролцсон олон улсын тэмцээнүүдээс хамгийн доогуур амжилтыг үзүүлсэн. Хүссэн амжилтдаа хүрч чадаагүй тэд олны шүүмжлэл дагуулан нутаг буцацгаасан. Тэгвэл энэ удаа хамгаалалт, довтолгооны мэргэжилтүүд болох Стив Керр, Эрик Споелстра зэрэг элит дасгалжуулагчдын дор Энтони Эдвардс, Брэндон Инграм, Жэйлэн Брансон нараар удирдуулсан АНУ-ын шигшээ том амбицтай орж ирж байгаа нь тодорхой. Урьдчилсан шатны таван тоглолтуудад ямар ч ялагдал хүлээгээгүй тэд Шинэ Зеланд, Грек, Иорданы багуудтай С хэсэгт хуваагдсан. Бүхий л үед өндөр хүлээлттэй орж ирдэг АНУ-ын шигшээд Дэлхийн аваргын зургаа дахь алтан медалиа зүүх боломж бүрэн бий. 

    2023 оны Сагсан Бөмбөгийн ДАШТ-ий талаар А-Я үсгэнд

    Б бол Бразилын шигшээ 

    2022 оны “АмериКап”-ын дэд байр Дэлхийн аваргын 19 удаагийн туршлагатай тэд энэ ДАШТ-ий чансаанд  13-р байрт эрэмбэлэгдэж байна. 2019 онд Бразил Грек, Монтенегро, Шинэ Зеландыг хожиж хоёрдугаар шатанд шалгарсан ч АНУ, Чехийн багуудад ялагдсан тэмцээнээ өндөрлүүлсэн. Л.Барбоса, А.Варежао нар зодог тайлснаар шинэ залуу цусаар шинэчлэгдэн орж ирж буй. Марселиньо Хуэртас, Витор Бените, Раул Нето нараар ахлуулсан тэд Испани, Иран Кот-д'Ивуар улсын багуудтай Ж хэсэгт таарсан байна. 

    2023 оны Сагсан Бөмбөгийн ДАШТ-ий талаар А-Я үсгэнд

    В бол Венесуэлийн шигшээ

    2016 оны Өмнөд Америкийн аварга Венесуэлийн шигшээ багийн дээд амжилт нь 1990 оны ДАШТ-ий 11 дүгээр байр. Энэ удаа тэд нийт 32 багаас 18 дугаар байрт эрэмбэлэгдэж байгаа. 2019 оны Дэлхийн аваргад оролцохдоо 13 жил оролцож чадаагүй байсан цангаагаа тэгэхэд л тайлсан. Америк тивээс оролцох багуудаас Аргентины хүчирхэг багийг мултлах шахсан тэдний шигшээг Аргентин улсын иргэн дасгалжуулагч Фернандо Дуро дасгалжуулна. 

    2023 оны Сагсан Бөмбөгийн ДАШТ-ий талаар А-Я үсгэнд

    Г бол Германы шигшээ

    Домогт тоглогч Дирк Новитцкигоор ахлуулан 2002 онд хүрэл медаль хүртсэнээс хойш Германы шигшээ дээгүүр амжилт үзүүлээгүй удаж байгаа. Өнгөрсөн удаагийн ДАШТ-д нэгдүгээр тойргоосоо хасагдаж нутаг буцсан бол энэ жил тэр үеийн залуус илүү туршлагажин, илүү зузаан бүрэлдэхүүнээр эргэн ирж байна. Өнгөрсөн удаагийн олимпийн шөвгийн наймд шалгарсан явдал нь үүнийг нь батална. Дэннис Шрөүдер, Даниел Тайс зэрэг туршлагатай тоглогчдоор ахлуулсан тэд есдүгээр сард аль нэг медалийн тавцанд зогсож байхыг үгүйсгэхгүй. Учир нь тэд эхний тавдугаарт эрэмбэлэгдэж байна. 

    2023 оны Сагсан Бөмбөгийн ДАШТ-ий талаар А-Я үсгэнд

    Д бол Бүгд Найрамдах Доминикан улсын шигшээ

    Жил бүр тийм ч дээгүүр амжилт үзүүлдэггүй ч оролцох бүрдээ аюултай өрсөлдөгч байж чаддаг Доминиканы шигшээ дөрөв дэх Удаагийн ДАШТ-ий нүүрийг үзэж байна. Тэд энэ жилийн Дэлхийн аваргад оролцохын тулд Аргентины шигшээ багийг эцсийн мөчид 75-79 харьцаатайгаар хожсон нь Өмнөд Америк даяар шуугиан тарьсан. Тэдний хамгийн том нууц хөзөр бол мэдээж НБА-ын од тоглогч Карл Энтони Таунс билээ. Шигшээ багтаа нэгдээд удаагүй байгаа тэрээр “Өөрийн чадах чинээгээрээ тоглож, өөрийн улсын иргэдээ бахархуулах зүйл хийх болно” хэмээн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагынхаа үеэр дурджээ. Тэд хүчний чансаагаар дээшээ хоёр шат ахин 12 дугаар байранд бичигдэж байна. 

    Е бол Египетийн шигшээ

    1940-өөд оны үед Египет FIBA EuroBasket-д хоёр удаа шагналын тавцанд гарч, 1950 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг тавт багтаж байсан. Тэр үе түүх болон үлдсэн ч өнөө цагт Египетийн сагсан бөмбөг эргээд дэлхийн тавцанд эргэн ирж өөрийн гэсэн байр сууриа олж авахыг нэлээдгүй эрмэлзэж буй. Сүүлийн гурван ДАШТ-ны хоёрт нь оролцох тасалбараа халаасалж чадсан нь чамлахааргүй амжилт. Амир Элгэндигээр удирдуулсан Египетийн шигшээ хүчний чансаанд 30-р байрт жагсаж байна. Монтенегро, Мексик, Литвийн багуудтай хүснэгтийн Д хэсэгт таарч тоглох хуваарьтай болжээ. 

     

    2023 оны Сагсан Бөмбөгийн ДАШТ-ий талаар А-Я үсгэнд

    Ё бол Ёжлол

    Наймдугаар сарын 19-ний өдөр Доминикан, Испани шигшээ багуудын урьдчилсан шатны тоглолтын үеэр Карл Энтони Таунс эсрэг багийн тоглогчийг самбараас бөмбөг авах үед хямдхан алдаа үлээхэд нь эсэргүүцэхэд шүүгч техникийн алдаа өгсөн бөгөөд тэрээр шүүгчийг ёжлон түүний техник өгсөн үйлдлийг дахин дуурайж хошигноход шүүгч дахин техник өгч талбайгаас хөөсөн билээ. Иймд энэ удаагийн Дэлхийн аваргад орж буй баг тамирчид шүүгчийг ёжлоод дэмий л болов уу.

    Ж бол Жаргалтай өдрүүд 

    Сагсан бөмбөг сонирхогчдын хувьд наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 10 хүртэл үзэх юмтай, дэмжих багтай жаргалтай өдрүүд. Таван тивийн хамгийн шилдэг сагсан бөмбөгчид хуран цуглаж хагас сарын турш өрсөлдөн энэ жилийн хамгийн шилдэг сагсан бөмбөгтэй улс аль вэ гэдгээ тодруулна. Энэ их өрсөлдөөнөөс бидэнд үзэх, бахархах, суралцах, бишрэх зүйлс чамлахгүй их гарах биз ээ.

     

     

    З бол Шинэ Зеланд

    Дэлхийн аваргын медалийн тавцанд нэг ч удаа зогсож үзээгүй ч долоо дахь удаагаа оролцож буй Шинэ Зеландын шигшээ баг Азийн сонгон шалгаруулалтын үеэр хэсгээ тэргүүлэн итгэл төгс энэхүү тэмцээнд оролцож байна. Тэд 2019 онд Яаннис Антетокоунмпогоор удирдуулсан Грекийн шигшээг 103-97 харьцаатайгаар хожиж байсан нь тэдэнд ямархуу нөөц боломж байгааг харуулсан гэхэд болно. Дан Фотугаар удируулсан тэдний баг 32 улсаас 16-д эрэмбэлэгдэж байна. 

    2023 оны Сагсан Бөмбөгийн ДАШТ-ий талаар А-Я үсгэнд

    И бол Испаний шигшээ

    Хоёр удаагийн дэлхийн аварга энэ удаагийн ДАШТ-д аваргаа хамгаалан оролцож буйгаараа онцлогтой. Үеийн үед Испаний хамгаалалт, шидэлт, довтолгоонууд олон улсад гайхагдсаар ирсэн. Тэдний алтан үеийн домгууд болох ах дүү Газол, Рики Рубио нар шигшээ багаасаа зодог тайлсан ч тэднийг залгамжлах залуучууд шил шилээ даран гарч ирсээр байгаа билээ. Ямартай ч цээжин дээрээ ESPANA бичигтэй ямар ч залуучууд гарч ирсэн эсрэг багийн дарамтад оролгүй эцсийг нь хүртэл тэмцдэг гэдгийг бид бүгд мэднэ. Тиймдээ ч тэд энэ удаагийн хүчний жагсаалтад дэд байрт эрэмбэлэгдэж байна. Мөн тэднийг өнгөрсөн жилийн Европийн аварга багийн дасгалжуулагч Сэржио Скариоло удирдаж байгааг мартаж болохгүй. 

    2023 оны Сагсан Бөмбөгийн ДАШТ-ий талаар А-Я үсгэнд

    Й бол Йорданы шигшээ

    Йордан улсын шигшээ гурав дахь удаагаа Дэлхийн аваргад оролцож буй нь энэ юм. Харамсалтай нь тэд өмнө нь оролцсон ДАШТ-д нэг ч хожил аваагүй. Тиймдээ ч тэд энэ удаагийн ДАШТ-ны хүчний жагсаалтад доороосоо дөрөвдүгээрт жагсаж байна. Весам Ал-Соусаар дасгалжуулж буй тэдний хувьд АНУ, Грек, Шинэ Зеланд гэсэн багуудтай таарсан нь ДАШТ-ий эхний хожлоо авах даваа нь улам л бартаатай болсон харагдаж байна. 

    2023 оны Сагсан Бөмбөгийн ДАШТ-ий талаар А-Я үсгэнд

    К бол Канадын шигшээ 

    Энэ жил хамгийн том дуулианыг тариад буй баг яахын аргагүй Канадын шигшээ баг. Гарааны таван тоглогч бүгд өсөж яваа НБА-ын залуу оддоос гадна тэдний сэлгээний тоглогчид нь хүртэл ямар ч багтай өрсөлдөхгүйц зузаан бүрэлдэхүүнтэй. Тиймдээ ч тэд чансааны 7-р байрт бичигдсэн байна. Өнгөрсөн жил НБА-ыг оноо авалтаараа дээгүүр байр эзэлсэн Шай Гелжуйс-Александр болон чухал үүргийн тоглогчид болох РЖ Баррет, Дилон Брүүкс нараар ахлуулсан тэдний баг хэрхэн нэгдэж, давс хужир нь таарсан баг болсон уу үгүй юу гэдгийг энэ  Дэлхийн аваргаар харцгаая. Тэд H хэсэгт Латви, Лебанон болон хүчирхэг Францын шигшээтэй таарсан байгаа. 

    2023 оны Сагсан Бөмбөгийн ДАШТ-ий талаар А-Я үсгэнд

    Л бол Литва

    Зургаа дахь удаагаа Дэлхийн аваргад оролцож буй Литвын шигшээ баг 2010 онд хүрэл медаль хүртсэнээс хойш медалийн тавцанд гараагүй удаж байна. Тэд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө нийт 11 тоглолт хийсэн бөгөөд тэдний хурдан довтолгоо, оноо авах чадварыг магтахын аргагүй тоглож байсан. Учир нь тэд сүүлийн тоглолтуудад 100+ оноо 5 удаа авсан бөгөөд хамгийн багадаа 79 оноо авсан байна. Домантис Сабонис, Эдгарас Улановос зэрэг чухал тоглогчид нь байхгүй ч Ионас Валанчиунасаар ахлуулсан тэд зөөлөн хэсэгт хуваарилагдсан буюу Египт, Монтенегро, Мексикийн шигшээ багуудтай тоглох юм. 

    2023 оны Сагсан Бөмбөгийн ДАШТ-ий талаар А-Я үсгэнд

    М бол Мексик

    Мексикийн шигшээ энэ жил хүчтэй байгаа. Учир нь урьдчилсан шатанд Колумб, Аргентийг “Жира Насионал” тэмцээнд ялсан. 2019 оны ДАШТ-ийг оролцох боломжоо алдсаны дараа энэ жил эргэн ирж байгаа ба энэ нь 1974 оноос хойш хоёр дахь удаагаа оролцож буй тохиолдол юм. Мексикчүүд D хэсэгт Литва, Монтенегро, Египетийн багуудтай нүүр тулна. 2014 онд Мексик 2-5 гэсэн амжилтаар 14-р байранд орсон бол энэ удаа амжилтаа ахиулан хоёрдугаар тойрогт шалгарах зорилт тавьж буй. Тэд энэ удаагийн ДАШТ-д 15-т эрэмбэлэгдэж хоёр шат дээшээ ахисан байна. 

    Н бол Никола Иокич

    Сербийн супер од НБА-ын хоёр удаагийн улирлын шилдэг тоглогч, өмнөх улирлын аварга Никола Иокич аварга авсны дараагаар амралтаа авахаар шийдсэн. Долоодугаар сард ДАШТ-д оролцох тамирчдын нэр зарлахад тэрээр улсынхаа шигшээ багтаа нэрээ өгсөнгүй. Никола Иокич шигшээ багтаа багтаагүй нь Сербийн шигшээ нэг шат доошлон есдүгээр байрт эрэмбэлэгдэх шалтгаан болсон гэлтэй. Гэвч Сербийн тархиараа тоглодог сагсан бөмбөг энэ Дэлхийн аваргад дахин харагдана гэж найдаж байна. Тэд хэсэгтээ Өмнөд Судан, БНХАУ, Пуэрто Рико зэрэг улсуудтай таарсан тул төвөггүйхэн хоёрдугаар шатанд гараад ирэх боломжтой.

    О бол Олон улсад анх удаа 

    19 дэх удаагийн ДАШТ анх удаа олон улсад буюу гурван улсад зэрэг зохиогдож байгаагаараа онцлогтой. Тодруулбал Япон, Филиппин, Индонез зэрэг орнуудын сагсан бөмбөгийн ордонд наймдугаар сарын 25-наас эхлэн явагдана. Мөн Индонези улсад зохиогдсон анхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бөгөөд 1978, 2006 онд Филиппин, Япон улсуудад тус тус зохиогдож байсан юм. Сонирхуулахад 2019 онд Хятад улс, 2023 онд дээрх Азийн гурван орон, 2027 онд Катарт зохиогдсоноор нэг тивд гурван удаа дараалж зохиогдсон анхны тэмцээн болох аж. 

    2023 оны Сагсан Бөмбөгийн ДАШТ-ий талаар А-Я үсгэнд

    Ө бол Өмнөд Судан

    Өмнөд Судан улс анх удаа ДАШТ-д оролцож буйгаараа онцлогтой. Лос Анжелес Лакерс багийн довтлогч Вэниен Габриэлээр удирдуулсан тэдний шигшээ хүчний жагсаалтын 25 дугаар байрт эрэмбэлэгдэж байна. Тэд анхны оролцож буй Дэлхийн аваргын тэмцээндээ Серби, Пуэрто Рико, БНХАУ-ын багуудтай таарч тоглох нь. 

    П бол Пуэрто Рико

    15 дахь удаагаа дэлхийн аваргад оролцож буй Пуэрто Рикогын шигшээ чухал тоглогч Хосе Альварадогүйгээр энэ тэмцээнийг туулах болсон. Тэд хэсгээсээ гарах амбицтай байсан ч Өмнөд Суданд болсон урьдчилсан тоглолтод тэдэнд хожигдсоноор тэд хэсэгтээ дахин учраа таарахдаа өөрсдийгөө чамгүй дайчлах шаардлагатай болсон тул тэднийг тактик, сургуулилтаа хэрхэн ахиулж ирэхийг харах үлдлээ. 

    2023 оны Сагсан Бөмбөгийн ДАШТ-ий талаар А-Я үсгэнд

    Р бол Рүди Гобер

    Рүди Гоберыг гурваас шидэхийг харсан л биздээ. Дэлхийн сагсан бөмбөг ингэж л хувьсан өөрчлөгдөж байна. Түүний идэвхитэй тоглолт, хоёр дахь боломж эсрэг багийн оноо түүгчдийг будагтай талбайд нэвтрүүлэхгүй хамгаалах хамгаалалт нь Францыг медалийн тавцанд гарахад нижгээд шатаар дэмнэнэ. Францын шигшээ энэ жил аварга авах зорилготой ирсэн гэхэд хилсдэхгүй учир нь тэдэнд Рүди Гобероос гадна ахмад туршлагатай Николас Батум, Нандо Дэ Коло болон оноо түүгч Эван Форней нар байгаа. Тэд H хэсэгт Канад, Латви, Лебанон зэрэг багуудтай учраа тааран тоглоно. 

    С бол Словени

    Тиймээ Словени гэхээр таны толгойд шууд л Лука Дончич бууж байгаа биз. Дөрөв дэх удаагаа оролцож буй Словений шигшээ одоогоор шагналт байранд орж амжаагүй ч супер од Лука Дончичоор ахлуулсан тэд энгэртээ ямар нэг өнгийн медаль зүүх бүрэн боломжтой. Учир нь тэрээр шигшээ багийн ахлагчийн хувиар тоглосон  эхний гурван тоглолтдоо трипл дабл үзүүлсэн нь ФИБА-ын сагсан бөмбөгт тийм ч их харагдаад байдаггүй үзүүлэлт юм. Мэдээж ганц хүний спорт биш тул үүргийн тоглогчид болох Майк Тобей, Клемен Препелич, Жака Блазич, Зоран Драгич нар хийх ёстой зүйлсээ чамбай хийх шаардлагатай. Словенийг төвөггүйхэн хоёрдугаар тойрогт гарна гэж үзэж байгаа ба хэрвээ тийм зүйл тохиолдвол шөвгийн наймын төлөө Герман, Австралийн багуудтай учрах магадлалтай. 

    2023 оны Сагсан Бөмбөгийн ДАШТ-ий талаар А-Я үсгэнд

    Т бол Тэмцээний хүснэгт

    Тэмцээний хүснэгтийг тайлбарлах нь илүүц тул зурган хэлбэрээр хүргэе. 

    2023 оны Сагсан Бөмбөгийн ДАШТ-ий талаар А-Я үсгэнд

    У бол Улсуудын чансаа

    Дэлхийн сагсан бөмбөгийн холбооноос гаргасан шинэчилсэн чансаагаар АНУ тэргүүн байраа хадгалж үлдсэн бол Франц, Австрали, Словени улсууд нэг шат дээшлэн эхний дөрөвт багтсан бол Герман 7-р байраас хоёр шат дээшлэн тавдугаарт, Испани дөрвөн шат доошлон 6-р байрт, Канад нэг шат доошлон 7-р байрт, Итали урьдчилсан шатны гайхалтай тоглолтуудын ачаар таван шат дээшлэн 8-рт, Никола Иокичгүй Серби 9-т, Доминкан, Финланд, Литва нар араас нь бичигдэж байна. Чансааний сүүлийг Кот-д'Ивуар, Кабо Веерде, Иран улсын багууд мушгиж байна. 

    Ү бол Үр дүнгийн мэдээлэл

    Та тоглолтын үр дүн, дэмжиж буй багийн мэдээлэл, нарийн статистик, оноолт хуваарь зэргийг харахыг хүсвэл энд дарна уу. Мөн Дэлхийн аварга эхэлсний дараа үр дүнгүүд олон нийтийн сүлжээний энэ хуудсаар шууд тавигдан явна. 

    Ф бол Финланд 

    Өнгөрсөн удаагийн ДАШТ-д анх удаа оролцсон тэднийг туршлага муу гэж хэлж болох ч хүчний жагсаалтад 12-т эрэмбэлэгдэж байгааг мартаж болохгүй. Финландын сагсан бөмбөг сүүлийн жилүүдэд үсрэнгүй хөгжиж байгаа бөгөөд тэднийг Австрали, Япон, Герман зэрэг хүчирхэг багууд хэсэгтээ хүлээж байгаа ч тэдэнд НБА-ын 2022-2023 улирлын шилдэг амжилт нь ахисан тоглогч Лаури Маркканен болон Микаэль Жантунен, Элиас Валтонен зэрэг чадварлаг ирээдүйтэй тоглогчид байгаа. 

    Х бол Хугацаа

    Энэ жилийн ДАШТ 16 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд эхний шат 31-нд өндөрлөж, есдүгээр сарын 1-3 гурванд хоёрдугаар шат өндөрлөн шөвгийн 16-ийн тоглолт 5-6 өдрүүдэд өндөрлөж хагас шигшээ 7,8-ы өдрүүдэд болсноор шигшээ тоглолтууд 10-ны өдөр тоглох хуваарьтай байна. Та дэлгэрэнгүй хуваарь харах бол энд дарна уу. 

    Ц бол Цар хүрээ

    Анх удаа гурван улсад зохиогдож буйгаараа энэ жилийн ДАШТ-ий үзэгчдийн цар хүрээ их байх нь ойлгомжтой. Филиппин улс 120 сая иргэнтэй бол, Япон 126 сая, анх удаа зохиож буй Индонез 274 сая хүн амтай. Нийтдээ 520 сая үзэгчдийн цар хүрээнээс гадна оролцогч орон бүрийн хөгжөөн дэмжигчдийг мартаж болохгүй. Мөн Азийн гурван оронд зохиогдож буй тул зохион байгуулагч орнуудаас бусад Иран, БНХАУ гэх мэт олон хүн амтай орны дэмжигчид цуглах нь дамжиггүй. 

     

    2023 оны Сагсан Бөмбөгийн ДАШТ-ий талаар А-Я үсгэнд

    Ч бол Чанартай сагсан бөмбөг 

    Сагсан бөмбөгийн ДАШТ жил бүр чанартай болдог. Учир нь таван тивээс шалгарсан шилдэг сагсан бөмбөгчид Дэлхийн сагсан бөмбөгийн холбооны дүрмээр тоглолт бүрийг чухалчлан өрсөлддөг. Чанартай сагсан бөмбөг гэдгийн учир нь ДАШТ үед хожигдох эрх бараг л үгүй бөгөөд тоглолт бүрийг эцсийнх мэт тоглож, баг бүр бэлдсэн тактик, өөрсдийн орны онцлог сагсан бөмбөгөө харуулахыг зорьдог. Жишээ нь АНУ дэлхийд танигдсан од тоглогчид цагираг руу довтлох, хүчтэй хаалтууд зэрэг атлетик чадвараар үзэгчдийг татдаг бол Аргентин, Испани, Франц зэрэг сагсан бөмбөгийн өндөр соёлтой орнууд нэгдсэн цул системээр ухаалаг тоглохыг илүүд үздэг. Харин шинээр гарч ирж буй Канад, Финланд, Автрали, Сербийн багууд цоо шинэ уур амьсгалыг мэдрүүлж түүнийгээ ч чанартай гүйцэтгэхийг хичээж байгаа. 

    Ш бол Шагналын сан

    Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нийт шагналын сан нь ивээн тэтгэгч, өргөн нэвтрүүлгийн гэрээ гэх мэт хүчин зүйлээс шалтгаалж 15 сая доллар ба түүнээс дээш байдаг байна. 2014 болон 2019 оны шагналын сан 15 сая доллар байсан ба тэргүүн байр 1 сая "Найсмитын цом", дэд байр 600.000, гурав болон дөрөвдүгээр байр тус бүр 350.000 доллар байжээ. Тэгвэл 2023 оны тэмцээний шагналын сан нь

    • Тэргүүн байр: 2.5 сая, "Найсмитын цом"
    • Дэд байр: 1.5 сая 
    • 3 болон 4-р байр тус бүр: 1.2 сая $
    • 5-8-р байр: 800 мянга  $
    • 9-16-р байр: 550 мянга $
    • 17-32-р байр: 200 мянга $ тус тус олгогдохоор өссөн байна.

    Э бол Эзэн улс

    Энэ удаагийн зохион байгуулагч эзэн улсаар гурван улс байгааг дурдсан. Эхний улс бол Японы шигшээ бөгөөд тэд өөрсдийн улсдаа хоёр дахь удаагаа зохион байгуулж буйгаараа онцлогтой мөн давуу талтай. Азийн томоохон төлөөлөл тэдний хувьд зургаа дахь удаагаа оролцож байна. Гол тоглогч болох Риу Хачимура Дэлхийн аварга эхлэхийн өмнө оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Америкийн дасгалжуулагч Том Ховассегийн удирдлага дор тоглох тэдэнд Юута Ватанабэ болон хэзээд шидэхэд бэлэн арван тоглогч бий. Гэвч тэд хэсэгтээ чанга учраанууд буюу Герман, Финланд, Австралийн шигшээ багуудтай таарсан нь тэднийг хоёрдугаар хэсэгт харна гэдэг тун бага хувьтай. 

    Ю бол Юугаар үзэх вэ?

    19 дэх удаагийн сагсан бөмбөгийн ДАШТ-ныг Централ телевиз албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулна. Эхний шатны тоглолтууд давхцаж байгаа тул зөвхөн онцлох тоглолтуудыг дамжуулах ба шөвгийн 16-аас хойшхи бүх тоглолтыг шууд дамжуулан хүргэхээр болсон байна. Наймдугаар сарын 25-ны 16:00 цагаас Финланд, Авсрталийн тоглолтуудаар тэмцээний шууд дамжуулалт эхэлнэ. 

    Я бол Яаннис Антетокоунмпо

    Яаннис Антетокоунпо энэ удаагийн Дэлхийн аваргад оролцож чадахгүй гэдгээ мэдэгдсэн. Тэрээр хэлэхдээ “Би энэ шийдвэрийг гаргахын тулд маш олон хүнтэй зөвлөлдсөн. Шигшээ баг болон Милауки Бакс баг мөн дээрээс нь эмчийн багтайгаа ярилцсаны үр дүнд энэ удаа өнжихөөс өөр сонголт үлдсэнгүй. Миний шигшээ багтаа болон улсдаа ямар хайртайг та бүхэн мэдэж байгаа хэмээн найдаж байна” хэмээн хэлжээ. Грекийн шигшээ багийн хувьд чансааны есдүгээр байрт бичигдэж яваа. Ес дэхь удаагаа Дэлхийн аваргат орж буй Грекийн шигшээ Японд болсон 2006 оны Дэлхийн аваргад Испанид ялагдаж мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй. Урьдчилсан шатны тоглолтуудад Сербийн шигшээг багийг буулган авсан нь Яаннис Антетокоунмпогын магтаалыг хүртээд амжсан билээ. Ахлах дасгалжуулагч Димитрис Итудисийн гол зорилго нь 2000-2008 он хүртэл хүчирхэг байсан Грекийн шилдэг үеийг эргэн авчрахыг хүсэж буйгаас гадна энэ удаагийн тэмцээнд дээгүүр байрт бичигдэхийг зорьж буй хэмээн хэлжээ.  

    2023 оны Сагсан Бөмбөгийн ДАШТ-ий талаар А-Я үсгэнд